УОК-оос нийслэлд тогтоосон хөл хориог 2021 оны Хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх бөгөөд мөн коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам баталжээ.
Мөн Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээхээр болсон байна.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Хөдөө орон нутагт дотуур байр, хичээлийн танхимыг халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангана. Нийслэлд ч мөн ялгаагүй. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.
Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм. Цахим хичээл үргэлжилж байгаа хэдий ч олон айлын хүүхэд хичээлдээ цахимаар хамрагдаж чадахгүй байгаа учраас үе шаттайгаар нээх гэж байна.
Хүүхдэд вакцин хийх боломжгүй. 18-аас доош насны хүүхдэд вакцин хийхгүйг та бүхэн мэдэж байгаа. Нийслэл хотод цар тахлын 150 гаруй голомт байгаа. Эрсдэлтэй нөхцөлд яг өнөөдөр танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй. ААН-үүдийг зэрэг нээж байна. Энэ 10-14 хоногийн хугацаанд ямар эрсдэл гарч болзошгүйг тооцохын зэрэгцээ ямар бэлтгэл хангахыг маш сайн зохион байгуулж байж сургууль, цэцэрлэгээ нээнэ гэж ойлгож болно" гэлээ.