ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар мэдээлэл хийлээ.
Б.Ууганбаяр:
-“Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд одоогоор 1,017 хүн ажиглалтад байгаа. Шуурхай штабын ажиллагааны баг ХӨСҮТ-ийн тандалтаар тогтоогдсон хавьтлуудыг тусгаарлах ажлыг зохион байгуулдаг. Тухайлбал, ШЕЗ, автобусны жолооч, бариачтай холбоотой хавьтлуудыг тусгаарлах ажлыг сүүлийн өдрүүдэд зохион байгуулж байна.
Халдвар голомтлон гарсан зургаан аймагт 40 тусгаарлах байр байгаа. Эдгээрт 559 хүн ажиглалтад байна.
Тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын 21 хоног дуусаад, бүгд гэрийн ажиглалтад шилжсэн.
Улаанбаатар хотын 99 батлагдсан тохиолдлын 37 цэг дээр хорио цээрийн дэглэм сахиулах ажиллагааг зохион байгуулж байна.
Сүүлийн 72 цагт 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Иргэдээс шинжилгээ аваад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа бөгөөд иргэд 14 хоногийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. Орон нутагт мөн 39 хүн гэрийн ажиглалтад шилжсэн" гэдгийг хэллээ.