Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, мэдээлэл хийж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Орон нутаг руу буцах, орон нутгаас нийслэлд ирэх иргэдийг буцаах журмыг бэлэн болголоо. Энэ ажлыг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулна.
УОК-оос Улаанбаатарт гацсан иргэдийн тоог 27 орчим мянга гэж мэдээлж байсан бол өчигдөр оройны байдлаар 85 мянган иргэн орон нутаг руу, оршин суух хаяг руугаа явах хүсэлтээ ирүүлээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа.
Эдгээр иргэний 80 орчим хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн унаагаар, цөөн хэсэг нь онгоцоор явъя гэж байна.
Засгийн газар, УОК-оос барьж байгаа бодлого бол халдвар гараагүй байгаа 15 аймагт халдвартай иргэн зорчуулахгүй байх. Тийм учраас 20 цэгт түргэвчилсэн биш PCR оношилгооны газар байгуулсан. Шинжилгээг бүрэн хийж байж иргэдийн орон нутагт буцаах юм" гэлээ.