Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж БШУ-ы сайд Я.Цэдэвсүрэн мэдээлэл хүргэлээ.
Тэрээр “ЕБС, цэцэрлэг, МСҮТ, их, дээд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлж, онлайнаар хичээллээд явж байна. ЕБС, цэцэрлэгийн теле болон онлайн хичээл арванхоёрдугаар сарын 18-нд дуусаад хүүхдүүд хоёрдугаар 1-н хүртэл амарна.
Их, дээд сургуулийн хичээл нэгдүгээр сарын 5-нд дуусаад хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна. Дотуур байранд болон байр түрээсэлж амьдарч байгаа оюутнуудыг шинжилгээнд хамруулаад эхэлчихсэн байгаа. УОК-оос шийдвэр гарсны дараа оюутнуудыг гэрт нь хариулна. Хичээл хийхгүй болчихлоо гэдэг нэр томьёог бид хэрэглэхгүй байвал зүгээр байна. Бид танхимын сургалтыг танхимын бус хэлбэр рүү шилжүүлсэн.
Дотуур байранд амьдарч байгаа 11 мянга гаруй оюутнаас асуумж судалгаа авч байна. Улсын хэмжээнд 44,282 хүүхэд хоол, хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй гэсэн судалгаа гарсан.
Цэцэрлэг болон сургуулийн үдийн цайнаас хэмнэгдсэн мөнгийг дотуур байрны оюутнуудын хэрэгцээнд зарцуулахаар болсон" гэлээ.