Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хүргэлээ.
Тэрээр "Өнөөдрийн ээлжит бус хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Нэгт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт зохицуулалт хийх эрх олгох асуудлыг хэлэлцлээ. Коронавируст халдвартай тэмцэж байгаа энэ үед зарим хэмнэгдэж байгаа зардлыг ерөнхийлөн зарцуулах эрх олгох талд шийдвэр гаргалаа.
Хоёрт, Хөл хорио тавигдсан ч танхимын хичээл орохгүй. Бүх шатны боловсролын байгууллага танхимаар хичээллэхгүй. Сурагчдын амралт буюу ирэх сарын 18-ныг хүртэл теле, онлайн хичээл орно. Хоёрдугаар сарын 1-н хүртэл өвлийн амралт болно.
Их дээд сургуулиудын хувьд Нэгдүгээр сарын 5-ныг хүртэл онлайнаар хичээл орно. Үргэлжлүүлэн Хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амарна" гэлээ.