Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар танилцууллаа.
Нийслэл Улаанбаатар хотод 1.6 сая иргэн амьдардаг. Тиймээс "ТЭГ" зогсолт хийх боломжгүй гэж Шадар сайд мэдээллийн үеэр хэлсэн юм. Тэрээр "Улсын зүрх болсон эрчим хүч, дулааны шугам гээд бүх юм эндээс хөдөлж байгаа тул тэг зогсолт хийхгүйгээр 90 хувьд барих зорилт тавьсан" гэсэн юм.
Хотын дарга Д.Сумъяабазар: "Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хотын хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Түгээлтийн ажилтнууд эрс нэмэгдсэн. Гэвч Улаанбаатар хот тэг зогсолт хийх аргагүй.
Инноваци технологийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг QR Ulaanbaatar гэдэг апплекейшныг нэвтрүүлсэн. Иргэдийн иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хаашаа зорчсон мэдээллийг нь хянах боломжтой болж байна. Өнөөдрөөс эхлээд энэ ажлыг нэвтрүүлж байна. Өөрөөр хэлбэл тухайн иргэн А цэгээс Б цэг рүү явах бол иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж хаашаа явсныг нь тодорхой болгох боломжтой болж байна.
Зорчих хөдөлгөөнийг зохицуулж байгаа алба хаагчид ПОС машинтай байгаа. Иргэд иргэний үнэмлэхний ар дахь QR кодоо уншуулаад хаашаа явах гэж байгаагаа тодорхой хэлээд явчихвал маш амар байна. Бүх мэдээлэл бүртгэлийн хяналтад орно" гэлээ.