Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн хөдөлгөөнийг хорилоо.
Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ рүү шинжилгээ хийлгэхээр илгээсэн. Тухайн хүний ойрын хавьтал 60 гаруй хүнийг тусгаарлаж, дахин шинжилгээ хийхээр болж, бүх нийтийн тэг зогсолтыг 24 цаг хийхээр боллоо" гэлээ.
Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч эцсийн хариу PCR шинжилгээгээр баталгаажна. Дархан-Уул аймгийн иргэдийг бүрэн шинжилгээнд оруулахаар ажиллаж байна.