НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснийг цуцлах асуудлыг хэлэлцлээ.
Өмнөх хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг шийдвэрээ эргэж харахыг Хотын захирагчид анхааруулсан юм. Энэ дагуу НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж уг асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр төлөөлөгчид асуулт асууж, санал хэлсэн байна. Улаанбаатар хот замын ачааллаа даахгүй ТЭГ зогсолт хийхэд ойрхон байна. Түргэний тэрэг, гал командын машин явж чадахгүй болчихвол яах вэ гэдгийг төсөөлөх аргагүй байгаа тухай зарим төлөөлөгч хэлжээ.
Төлөөлөгч н.Сандаг-Очир:
-"Нэг хэсэг нь ажил хийх гээд нөгөө хэсэг ажлыг унагаах гээд байна. Саяны жагсаал цуглаан улс төрийн зорилготой хүмүүс байсан. 6-7 цэцэрлэг барих нь зогслоо, гүүрэн гарц, зам арчлалт гээд олон ажил зогсоочихоод хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Гудамжид жагссан хэдхэн хүний ашиг сонирхлоор асуудлыг шийддэг болохвий. Үүнд санаа зовж байна" гэв.
Мөн 2012-2016 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалт, түүнд зарцуулагдсан хөрөнгийн талаар судлах Ажлын хэсэг байгуулах саналыг Төлөөлөгч н.Батсүмбэрэл гаргав. Түүний горимын саналыг хуралдаан даргалагч дэмжсэнээр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар судлах Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
-"Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж, хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд, доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм. Энэ асуудлаар сайн, муу хоёр жишиг ч тогтож байгаа ч сайн нь давамгайлах болов уу.
Зориуд зохион байгуулан, асуудлыг мушгин гуйвуулж байгаа нөхдүүдэд хандан хэлэхэд явцуу улс төр хийж, улс төрд хялбархан орох гэсэн сонирхол, сүрдүүлгээс үүдэн оруулж ирсэн асуудал огт биш. Харин Засаг төрийн үүрэг даалгаврыг оруулж ирж байна. Түүнээс биш иргэдийн нэрийг барьж, элдэв янзын зүйл ярьж байгаа залуучуудаас болж оруулж ирээгүй юм" хэмээв.
Эцэст нь хуралдаанаар Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн тогтоолыг хүчингүй болгоё гэсэн саналын томъёоллоор санал хураав. Санал хураалтаар 19 төлөөлөгч дэмжсэнээр 79.17 хувийн саналаар авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЛИЙГ ЦУЦАЛСНААР ДАРААХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ МӨРДӨНӨ
| № |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Хувь хэмжээ /Төгрөгөөр/ | |
|---|---|---|---|
| 1 | Суудлын | Такси | 30,000 |
| 2 | Бусад /2000 см3 хүртэл/ | 20,000 | |
| 3 | 2001-3000 | 30,000 | |
| 4 | 3001-ээс дээш | 40,000 | |
| 5 | Ачааны | 1 тонн хүртэл | 40,000 |
| 6 | 1-2 тонн | 45,000 | |
| 7 | 2-3 тонн | 50,000 | |
| 8 | 3-5 тонн | 55,000 | |
| 9 | 5-8 тонн | 60,000 | |
| 10 | 8-10 тонн | 65,000 | |
| 11 | 10 тонноос дээш | 70,000 | |
| 12 | Автобус | 15 хүртэл суудалтай | 40,000 |
| 13 | 15-аас дээш хүний суудалтай | 60,000 | |
| 14 | Цистерн | 50,000 | |
| 15 | Тусгай | 40,000 | |
| 16 | Чиргүүл | 30,000 | |
| 17 | Механизм | Тээвэр үйлчилгээний | 60,000 |
| 18 | Технологийн | 60,000 | |
| 19 | Бага оврын | 30,000 | |
| 20 | Мотоцикл, мопед | 2 дугуйт | 10,000 |
| 21 | 3 дугуйт | 10,000 | |



