x

Бүрэн зураглалын талаар сэтгэгдэл

Эрэмбээрээ төрийн хоёрдугаар суудал гэгдэх их хурлын даргын ажил олон нийтийн сонирхол тийм ч их татдаггүй. Тэр ерөнхийлөгч шиг энхийг сахиулагч нартай уулзалдаж, Путин, Ши Жинпин, Трамптай гар барилцахгүй.

Ерөнхий сайд шиг нефтийн үйлдвэр, авто замын тууз хайчилж өрөөндөө хүн дуудаж загнахгүй. Монгол банкны ерөнхийлөгч шиг долларын ханш ярихгүй. Ядаж л хотын дарга шиг гэр хорооллын бүтээн дахин төлөвлөлт ярьж усан оргилуурын хэрүүл хэрүүл хийхгүй. Эд бол сонирхолтой ажил.

Харин эдгээр “сонирхолтой” ажлуудыг “сонирхолтой” байлгах ард талыг нугалж суудаг нь их хурлын дарга. Ард түмний хагас нь лав “Улсын Их Хурал”, “Засгийн газар” гэдэг хоёр үгийг хооронд нь ялгахгүй, “төр засаг” гэдэг ганц үгээр л бүгдийг нийлүүлж ойлгоно. Хууль зүйн олон урт төвөгтэй нэршил ороод ирэхээр бүр сонирхохгүй. Гэхдээ энэ тийм буруу үзэгдэл бишээ, төрийн байгуулалт, хууль дүрмийн нэр томьёоллыг бүгд ойлгох албагүй. Гэхдээ олон нийт Их хурлын дарга хүн яг юу хийж гүйцэтгэх үүрэгтэй байдаг тухай мэдэх ёстой, маш хялбараар ойлгох ёстой. Их хурлын даргын өөрөө хөтөлсөн “Бүрэн зураглал” хөтөлбөрт үүнийг зорьжээ.

Уран зохиол, уран сайхны кинонд “Show, don’t Tell” гэдэг дүрэм бий. “Бүү тооч, үзүүл” гэсэн утгатай. Тоочих нь уйтгартай, үзүүлэх нь сонирхолтой. ТВ хөтөлбөрт ч энэ дүрэм онцгой үйлчилж буйг 100 эрхэм, 100 чухал сэдэв нэвтрүүлгүүд хангалттай харуулж буй.

Тухайлбал “Төрийн албан хаагч бол төрийн дарга биш төрийн үйлчилгээний ажилтан” гэж олон удаа тоочиж хэлэх биш, түүнийгээ жишээгээр үзүүлбэл хүмүүст илүү сонин гэсэн үг. Хүмүүс Их Хурлын даргыг ихэвчлэн зүгээр л өрөөндөө сууж байдаг, эсвэл хурал даргалаад алх тогшоод сууж байдаг хүн гэж ихэвчлэн ойлгодог.

Харин Бүрэн зураглал хөтөлбөрт Их Хурлын дарга өөрөө хөтөлж, өөрөө асуултууд тавьж, өөрөө зочдынхоо өмнө үйлчилж үзүүлж буй нь нэг талаараа энэ шинжийг тодотгожээ. Бид сонин сайхан зүйл харж сонсох гэж, уйдаагаа дарах гэж утсаа шагайдаг. Мэдээж утсанд янз бүрийн мэдээллүүд ирнэ. Нүсэр мэдээллийн дундуур яг албан ёсны, итгэж үнэмшиж болохуйц ямар нэг зүйл байх аяндаа үгүйлэгдэнэ. 

Хүмүүс ном, сонин уншихаа больсон гэдэг нь хүмүүс мэдээлэлд дургүй болчихсон гэсэн үг биш, мэдээллийг илүү хялбар аргаар авахыг л хүсдэг болсон төдий. Энтэртэйнмэнт болон албан хэлбэр хослуулсан “Бүрэн зураглал” хөтөлбөрт ерөнхийлөгч, шашны төлөөлөл, АТГ, УИХ дарга нэг л зүйлийг ярьж байсан нь төрийн албан хаагчийн ёс зүй байв. Бүгдээрээ нэг төрлийн ёс зүйн шахалт үзүүлж буйгаа илэрхийлж байлаа, үүнээс үүдэж Батзориг гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэн байж ч магадгүй. ЖДҮ –д холбогдсон дараагийн гишүүд ч ээлжээ хүлээж буй. 

Их хурлын даргын нугалсан хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Гэвч Үндсэн хууль гэдэг нь өөрөө бас л ард түмний талаас илүү нь үндсэндээ ойлгодоггүй зүйл. Үндсэн хууль гэж үгийг өдөрт тутам сонсдогоос биш яг ямар агуулга, ямар ач холбогдолтой зүйл вэ гэдгийг төдийлөн мэддэггүй байлаа. “Алганд багтсан эх орон” гэж зүйрлэн хэлсэн Үндсэн хууль гэдэг хорь орчим хуудас текстийг яаж энгийнээр ойлгуулах вэ?

Юуны өмнө Үндсэн хууль хүн бүгдэд хамаатай гэдэгт санал нэгдэх хэрэгтэй. Үүний учраас ч яруу найрагч Ичинхорлоо, Фантастик продакшны залуус, Х.Чойбалсангийн ач охин, Д.Сүхбаатарын дөч хүү, хөгжмийн зохиолч Жанцанноров, улс төрийн төлөөлөл, шашны төлөөллүүд, ой тогтоолтын дэлхийн аварга охид гээд бүх ард түмний төлөөллүүд оролцож тус тусын сонин сонирхолтой сэдэв хөнджээ.

Төрийн сүлд, Төрийн дууллын талаар, “япон” хэмээх Данзангийн тагнуулын ажиллагааны талаар, коронавирусын халдварын талаар хүртэл энгийн байдлаар хуучилцгаана. Зарим нэг нь нэвтрүүлгийн олон янзын зочид харчихаад “Энэ муусайнууд үндсэн хууль ярьдаг юмуу” гэж сошиалд шүүмжилж харагдсан. Үгүй л дээ, харин ч миний бодлоор гудамнаас нэг бөбөчин оруулаад ирэх хэрэгтэй байлаа.

Үндсэн хууль бол зөвхөн костюмтай хэдэн улс төр, нийгмийн зүтгэлтний ярих сэдэв биш, энэ бол бүх хүний ойлгож мэдэх ёстой зүйл юм. Заавал цээжээрээ унших албагүй, утга учир, гол санааг нь харин бүгд ойлгох хэрэгтэй. Энэ ч утгаараа “Бүрэн зураглал” хөтөлбөр үзэгчдэд үндсэн хуулийг энгийн үг хэллэгээр, гол баталсан хүнийх нь хөтлөлтөөр хялбараар ойлгуулчих шиг харагдсан.

Засгийн газар маш олон удаа огцордог. Гэхдээ муу ажилласаны төлөө хэзээ ч огцордоггүй, кнопоо дутуу цуглуулсан нь л огцордог. Энэ ч утгаараа Ерөнхий сайд сайн муу ажиллахдаа гол анхаарлаа хандуулахгүй, кнопоо бүрэн бүтэн байлгахын төлөө л хамаг анхаарлаа тавьдаг. Чуулганы ирц Засгийн газар огцруулах хурал дээр үргэлж 100 хувьтай байна. 4 жилийн турш чуулгандаа ганц хоёрхон удаа суудаг гишүүн ч бий, тэр хоёр суусан нь Засаг эсвэл ямар нэг сайдыг огцруулах хурал байх жишээтэй. Хяналт, шантааж хоёрын хооронд сөөмийн зайтай аж. Одооны хувьд УИХ гишүүд Засгийн газарт хяналт тавих гэхээсээ Засаг дэмжих эсвэл унагах кнопоо л үнэлэхийг зорино.

Ганц ерөнхий сайд биш бусад сайд, агентлагийн дарга нарын томилгоо дээр ч кноп үнэд хүрнэ. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ завхралыг үгүй хийжээ. Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, Засгийн газрыг огцруулах босгыг ч нэлээд дээшлүүлж. Ингэхээр УИХ гишүүний кноп мөнгөөр үнэлэгдэхээ болино, УИХ гишүүний суудалд мөнгө олох биш жинхэнэ өөрчлөлт хийх гэсэн хүмүүс л зорьж сууна. Засгийн газар УИХ –ын шантаажинд биш хяналтанд ажиллана гэсэн үг. Нэгэнт кноп нь үнэ хүрэхгүй хүмүүс шантааж биш хяналт хийхээс өөр гарцгүй болно. 

Эцэст нь, хамгийн уйтгартай албан тушаалыг ч хамгийн сонирхол татам байдлаар сурталчилж болдог юм байна. Ер нь төрийн алба хаагчид өөрсдийн ажлыг зургаан настай хүүхэд ч ойлгогдохоор тайлбарлаж, тайлагнаж байх ёстой мэт санагдана. Сошиалд дүүрэн хар мэдээлэл, гүтгэлэг урсаж буй энэ цаг үед төрд томоохон алба хашиж буй бүх хүн өөрийн хийж буй ажлыг ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар танилцуулж байвал хаана хаанаа хэрэгтэй юм.

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 7 цаг 9 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 7 цаг 28 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 7 цаг 39 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 7 цаг 45 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 8 цаг 26 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 8 цаг 29 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 9 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Top