Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн техник хэрэгслийг хүлээн авах ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний 015 дугаар ангид боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд ноён С.Клечески, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнер болон албаны хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтын ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй эдгээр техник нь хоёр улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа аж. Түүнчлэн инженерийн техник, хэрэгслийн эхний хэсгийг өнөөдөр хүлээн авсан бол үлдэгдэл 23 нэгж техник, хэрэгслийг хүлээн авснаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар бэлтгэж буй инженерийн ротын техникийн хангалтын тодорхой хэсэг бүрдэх юм.
Дээрх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн. Энэ инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал боллоо” гэж хэмээв.







