Өнөөдөр ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд: "Энэ оны байдлаар хар тамхи, мансууруулах бодис худалдаалан дамжуулсан 89 гэмт хэрэгт 196 хүнийг шалгаж байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн 86 хувь нь 18-35 насны залуус байна.
Өнгөрсөн оноос олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм нэвтрүүлэх оролдлого нэлээд нэмэгдсэн. 2019 онд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 16 хэргээс 11 нь шуудан илгээмж ашигласан. Энэ нь шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис нэвтрүүлдэг шинэ төрлийн урсгал бий болсныг харуулж байна. Иймд ЦЕГ, ГЕГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцэж байна" гэлээ.
2019 оны эхний хагас жилийн байдлаар, худалдаалах зорилгогүй хадгалсан 65, худалдаалах зорилгоор олж авсан 24 хэрэг илрүүлжээ. Үүнээс зохион байгуулалттай гэмт бүлэглэл 1, хоёр түүнээс дээш хүн санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн 12, худалдсан 16, улсын хилээр нэвтрүүлсэн 16 /шуудан илгээмжээр 11/, тарьж ургуулсан 1, орон байраар хангасан 1 хэргийг тус тус илрүүлсэн байна.
Харин орон нутагт энэ сарын байдлаар 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Хэрэгт холбогдогчдын 164 нь эрэгтэй, 24 нь эмэгтэй, насанд хүрээгүй 9 хүүхэд байгаа аж. Гэмт хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байжээ.
Мөн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эм ханган нийлүүлэх байгууллагад энэ сарын 10-наас тав хоног гэнэтийн шалгалт хийхэд 17 гэмт хэргийн шинжтэй, 76 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн байна. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг эмчийн буюу зохих эмнэлгийн байгууллагын зөвшөөрлийн жоргүйгээр олгосон, хуурамч жороор үйлчилсэн зэрэг гэмт хэрэг илэрсэн байна.
Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ ихэссэн тул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн гэмт хэргийг сурталчилсан кино, бүтээл түгээхийг хориглосон талаар мэдээллээ.



