БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 9 дэх аймагтаа буюу Өвөрхангайд энэ сарын 15-ны өдөр ажиллалаа. Тэрбээр аймгийн удирдлагууд болон боловсрол, соёл, урлаг, спортын салбарын ажилтнуудтай уулзалт хийсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд сайдад хандан хэд хэдэн санал тавилаа. Тус салбарт бүтээн байгуулж, ашиглалтад оруулсан зарим томоохон барилгуудын орон тоо, халаалт, бусад зардлууд шийдэгдээгүй байгааг дуулгав.
Мөн Хархорин сумын Спортын ордон буюу Олимпийн бэлтгэлийн бааз, Арвайхээр дахь 928 хүүхдийн сургууль, Уянга суманд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж буй 100 хүүхдийн цэцэрлэгт анхаарал хандуулахыг сайдаас хүссэн юм.
Чанаргүй их, дээд сургууль ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан болж байгааг дурдаж, манай аймагт жилд 1000 гаруй оюутан төгсөж ирж байгаагаас ихэнх нь нийтийн зам, талбайн цэвэрлэгч, шатахууны түгээгч гэхчлэн хар, бор ажил хийж байгааг хэллээ. Эцэг, эхээсээ хэдэн арван сая төгрөг гаргуулж, боловсрол эзэмшсэн ч үр дүнг нь гаргадаггүй энэ байдал иргэдэд гол тулгамдсан асуудал болж байгааг санууллаа.
Ё.Баатарбилэг сайд салбарын ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ яамнаас авч хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулсан юм. БСШУСЯ-наас хууль, эрхзүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалт, ажилтан, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд голлон анхаарч байгаа аж.
Дашрамд дурдахад, Өвөрхангай аймагт 29 ерөнхий боловсролын сургууль, 43 цэцэрлэг, 22 соёл, урлагийн байгууллагад 2734 төрийн албан хаагч ажиллаж байна. Энэ хичээлийн жилд СӨББ-д 9756 хүүхэд, ЕБС-д 21508 сурагч суралцсан байна.






