“Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банкинд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгагдаж буй “Жаст” группын захирал Ш.Батхүү, үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Энэ хэрэгт тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Сугар нарын нэр мөн холбогддог ч түүний гарын үсгийг дууриалган зурсан хэмээн хэргээс мултраад байгаа. Уг хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар УЕП-ын газраас мэдээллээ.
Сануулахад, “Жаст” группын захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банктай 2009-2010 онд зээлийн гэрээ байгуулж, 2012 он хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт хийж, нийтдээ 160.1 гаруй сая ам.долларын зээл авсан байдаг. Үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86.95 сая ам.долларыг нэхэмжилсэн.
Улмаар "Стандарт" банкны өрийг барагдуулахгүй бол гуравдагч этгээдэд зарах эрсдэл, мөн гадна талд байгаа хөрөнгүүдийг хураах эрсдэл ч байсан тул төлөх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан юм. Энэ шийдвэрийн дагуу 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас гаргаж банкны өрийг дараад байгаа.




Сэтгэгдэл (2)