Ерөнхий прокурорын тушаалаар олны анхааралд орсон хэргүүдийг хянах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ. Эл ажлын хэсгээс олны анхаарал татсан авлигын дуулиант хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулж, цагдан хорьсон. Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар ЦЕГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгасан билээ. Дээрх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор Д.Эрдэнэбилэгийг хорьж, бусдад нь буюу О.Орхон, Ц.Пүрэвтүшин, Б.Мөнхбаатар нарт хилийн хориг тавиад байгаа.
ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг нарыг цагдан хорих эсэх асуудлыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрөгч тавдугаар сарын 28-ны өдөр хэлэлцэж, түүнийг 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байдаг. Яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг өнөөдөр шүүх хянаад, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.




Сэтгэгдэл (1)