x

АТГ ажлаа тайлагналаа

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцов.  

Нэг. Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр

АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар 11 гомдлыг хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж байгаа талаар өмнө мэдээлсэн. Өнгөрсөн сарын хугацаанд 1055 нийтийн албан тушаалтан авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтад хамрагдаад байна.

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон Авлигатай тэмцэх газраас оны өмнө хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах ажлын хэсгүүд яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байна. Ажлын хэсгийг ажиллах явцад илэрсэн авлигын эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөл байдлуудыг арилгах, таслах зогсоох арга хэмжээг авч, холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлээд байна.

  • Эрх зүйн зохицуулалт дутмаг, тодорхой бус байгаагаас БСШУСЯ-ны харьяа Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан иргэд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай явагдаж байгааг анхаарч ажиллах шаардлагатай байна.

  • Ижил төрлийн зах зээл дээр бие биетэйгээ харилцан уялдаатай ажилладаг “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-ийн ТУЗ-д Сангийн яамнаас төлөөллийг 1 хүн хэрэгжүүлж байгаа, мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зөвлөх нь /хараат бус/ “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй байна.

  • Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын тухай журам”-ыг давхардуулан баталсан. Уг журмын дагуу байгууллага, иргэдэд шагнал олгох, Засаг даргын зөвлөлийн гишүүдэд болон дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудал боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр томилогдон ажилласан хүмүүст ажлын үр дүнгээр урамшуулал олгох, урлаг, спортын тэмцээн, наадам зохион байгуулах, тэмдэглэлт ойн арга хэмжээ, дүүргийг гадаад, дотоодод сурталчлах, соёлын өдрүүд зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхээр зааж орон нутгийн төсвийн хөрөнгийн үр дүнгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

  • "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ХХК болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолуудаар баталсан “Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллах журам”-д "ТУЗ-ийн дарга нь холбогдох хуулиар тогтоосон эрх хэмжээний дотор компанийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах болон компанийн эрх ашгийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." гэсэн нь Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нийцэхгүй байна.

Хоёр. Хяналт шалгалт, дүн шинжилгээний чиглэлээр

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах ёстой. Цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг АТГ батлах хуулийн зохицуулалттай. Дээрх хууль, журмыг үндэслэн төрийн өндөр болон бусад 236 албан тушаалтан, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа нийт 17 байгууллагын 10150 мэдүүлэг гаргагчийн 2017 оны ХОМ-ийн хураангуйг тус газрын мэдээллийн http://www.xacxom.iaac.mn цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Цаашид бусад нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй хэлбэрээр нийтэд мэдээлнэ. Ингэснээр

  • олон нийтийн зүгээс төрийн албан тушаалтнуудын ХОМ-ийн мэдээлэлтэй танилцах, төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогод хяналт тавих нөхцөл байдал сайжрах,

  • албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломж бүрднэ,

  • хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна.

  • авлига, ашиг сонирхлын зөрчлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагааны явц дахь иргэд, олон нийтийн оролцоо сайжрах,

  • ХОМ-тэй холбоотой хууль тогтоомжоор хүлээсэн нийтийн албан тушаалтны үүргийн хэрэгжилт дээшлэх давуу талтай.

Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дуусгавар болсон. Дээрх хугацаанд үүргээ биелүүлж, өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан нийт 20 албан тушаалтны талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн.

Оффшор бүстэй холбоотой хуулийн хориглолт, хязгаарлалтын талаар дараах ойлголтууд байгааг анхааран үзнэ үү.

  • Нэгдүгээрт, нийтийн албан тушаалтан нь хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд суралцах, хөдөлмөр эрхлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тухайн улсын банкинд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх үл хөдлөх өмчлөх асуудлыг  зөрчил гэж үзэхгүй бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхээс бусад тохиолдолд энэ тухайгаа АТГ-т бичгээр мэдэгдэх үүрэгтэй юм. Энэ хүрээнд өөрийн албан үүргийн хүрээнд ажиллаж байхдаа  эзэмшиж байсан дансыг хаалгасан болон  одоо ажиллаж байгаа  нэр бүхий дипломат ажилтнуудаас ажлын шугамаар эзэмшиж байгаа цалин болон картын дансны талаар тус газарт мэдэгдэж бүртгүүлсэн юм. Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийн хүрээнд үүргээ биелүүлж байгаа явдал юм.

  • Хоёрдугаарт, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульд заасан хугацаанд АТГ-т мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг нийтийн албанаас халах, эгүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэх заалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тодорхой зохицуулж өгсөн. Энэ дагуу дараа дараагийн шатны ажлууд хийгдэх болно.

  • Гуравдугаарт, Оффшор бүс нутагт данс эзэмшиж байсан, хөрөнгө байршуулж байсан үйлдэл нь өөрөө хууль ёсны юу, хууль бус уу гэдгийг тогтоох нь тусдаа асуудал. Гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг Цагдаагийн байгууллага болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хянан шалгана. Оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зохицуулалттай.

АТГ хяналт шалгалтын хүрээнд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа орон нутгийн салбар нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Сүхбаатар дүүргийн нийт 22 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн. 4 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч тогтоогдсон байна. Зарим жишээг дурдвал: 

  • Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Нямбаярын ажил эрхлэлтийн байдал нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн.

  • Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтын  хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүн аймгийн ИТХ-ын дарга болох нь тогтоогдсон тул хуульд заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар ЗГХЭГ-т хариу мэдэгдсэн.

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Уранбилэгийн  хамаарал бүхий этгээд нь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх тул хуульд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын даргад хариу мэдэгдсэн.

Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс харвал албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хариуцлага тооцуулсан байна.

Гурав. Мөрдөн шалгах чиглэлээр

АТГ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дэх зүйлийн 2 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу харъяаллын гэмт хэргүүдийг шалгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд иргэд, байгууллагаас авлигын холбогдолтой гомдол, мэдээллийг хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж ажиллалаа.

2018 оны 4 дүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.

Энэ сард Эрүүгийн хуулийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 24 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар, 7 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай харьяалах прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:

  • УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчноор дамжуулан “Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 тонн нүүрс олборлон 20.0 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаархи мэдээлэл,

  • Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтан нар нь "Тэгш хан", "Өег гурил" ХХК-иудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож зээлдэгчээс хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан их хэмжээний мөнгийг хувьдаа шилжүүлэн авч ашигласан байж болзошгүй мэдээлэл,

  • МУИС-ийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах алба хаагчийг гадаад улс руу сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон, сургуулийн ойн арга хэмжээнд сэтгүүлд 55 сая төгрөг өгч хэвлүүлж бусдад давуу байдал олгосон тухай багш нарын төлөөллөөс гаргасан мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

Нийт 9 холбогдогчтой 513,000,000 төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал,

  • МУБИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан Д.Ганцэцэг нь тендерийн үйл ажиллагаа  хууль бусаар зохион байгуулж бусдад давуу байдал олгож  зах зээлийн дунджаас дээгүүр үнээр буюу худалдан авалт хийж онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг,  

  • БСШУСЯ-ны Санхүү-эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Батмагнай нь тус албаа хашиж байхдаа тусгай дансанд хуримтлагдсан 142.840.287 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглан завшсан гэх

  • Нийслэлийн бүртгэлийн газрын албан тушаалтнууд албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдын нэр дээр шилжилт хөдөлгөөн хийж эд хөрөнгө эзэмших эрхэнд халдсан гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 305 эрүүгийн хэрэг шалгаж байна. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулахад мөрдөн шалгах ажлын ачаалал 4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 15 цаг 20 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 16 цаг 16 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 19 цаг 8 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 19 цаг 26 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 21 цаг 37 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 21 цаг 49 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 21 цаг 58 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 22 цаг 12 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 22 цаг 17 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 22 цаг 36 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 22 цаг 55 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top