"Сүрьегийн дэгдэлт шинэ юм биш. Харин ч үзлэг, шинжилгээний үр дүнд далд байсан дэгдэлтийг ил гаргаж чадлаа" хэмээн ярьсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа халз мэтгэлцээнд дуудлаа. Тэр Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж өнөөдөр хоёр дахь удаагаа жагсаал зохион байгуулж, мэдээлэл хийв.
Тэр эхний жагсаалаа өнгөрөгч тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан юм. Мөн тэр өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг маргааш буюу 6-ны өдөр 20.00 цагт ТВ4 телевизийн халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдлээ.
Ж.Амарсанаа:
-Өнгөрсөн удаагийн жагсаалын үр дүн гараагүй учраас бид үргэлжлүүлэн жагсаалаа зохион байгуулж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар маш олон үзүүлэлтээр уруудах чиглэлдээ орчихсон байна. Эхний асуудал нь ч намжаагүй байхад саяхан нэгдүгээр төрөхөд хариуцлагагүйн гаралтай эхийн эндэгдэл гарлаа. Тиймээс тус салбарын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа суларсныг харуулж байна.
Мөн сүрьеэгийн дэгдэлт нь сайд огцрох шалтгаануудын зөвхөн нэг нь юм. Хамгийн гол шалтгаан нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлэх 22 үйл ажиллагаа байдгаас 17 үйл ажиллагаа нь хангалтгүй дүн авсан явдал. Энэ нь эрүүл мэндийн сайд огцрох хангалттай шалтгаан.
Мэтгэлцээнд урьж буй шалтгааны тухайд Д.Сарангэрэл сайд хариуцлагын асуудал яригдахаар хүнийг гүтгээд эхэлдэг. Тиймээс гүтгэсэнтэй нь холбоотойгоор ард иргэдэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс маргааш телевизийн халз мэтгэлцээнд урьж байна. Одоо урилгаа гардуулна. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна.



