Монголын кино институт залуу уран бүтээлчдэд чанартай уран бүтээл туурвих сэдэл төрүүлэх, тэдний мэдлэг болоод ур чадварыг дээшлүүлэх зорилготой "Алтан хальс" олон улсын кино наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Долоо дахь удаагийн кино наадам зургаадугаар сарын 4-8-нд болох гэж байна.
Тав хоногийн турш үргэлжлэх "Алтан хальс" кино наадмын үеэр бүрэн хэмжээний кино үзвэр, уралдаант хэсгийн үзвэр, сургалт, мастер класс, чөлөөт уулзалтууд болно.
1. Энэ жил Польшийн зураглаач Артур Журавскийг урьж Монголын залуу уран бүтээлчдэд зориулж “Эхэнд үг байсан” нэртэй сургалт зохион байгуулахаар болсон. Тэрээр баримтат, богино хэмжээний кино болон телевизийн цувралууд бүтээж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд 2011 оноос А зэрэглэлийн Болливуд кинонуудад ерөнхий зураглаачаар ажиллажээ. Сургалт зургаадугаар сарын 6-нд Синеплас студийн байранд болно.
2. Энэ жилийн нээлтийн үзвэрт Хятадын зургаа дахь үеийн кино найруулагч Ван Чюананий “Өндөг” киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус бүтээл 69 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын уралдаант хэсэгт дэлхийн нээлтээ хийсэн билээ. Кинонд монгол уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой юм. Тухайлбал, “Ноён солиот” киногоороо танигдсан жүжигчин Д.Бямбацогт туслах найруулагч, гүйцэтгэх продюсероор ажиллажээ.
7-р Алтан хальс олон улсын кино наадмын хүндэт зочин Ван Чюанань
3. Хятадын найруулагч Ван Чюананий мастер класс (сургалт, хэлэлцүүлэг) болохоос гадна наадмын дөрөв дэх өдөр “Кино төслөө хэрхэн олон улсын кино наадам, түгээлтэд бэлдэх вэ?” сэдэвт сургалт зохиогдох юм байна. Мөн наадмын хүндэт зочин Сингапурын найруулагч Ү ЖүньФөний мастер класс (сургалт, хэлэлцүүлэг) энэ үеэр болох аж. Өөрөөр хэлбэл, залуу уран бүтээлчид гурван томоохон сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломж бүрдэх нь
4. Уралдаант кино үзвэр, сургалтаас гадна кино уран бүтээлч, кино сонирхогчид хоорондоо танилцах үдэшлэг, чөлөөт уулзалтууд байгааг дуулгая. Кино үзвэрийн тасалбарыг зөвхөн ICinema кино театрын кассаас худалдаж авна гэдгийг бүү мартаарай.
Та бүхэн ямар кино үзэхээ хараахан шийдээгүй байгаа бол дараах хөтөлбөртэй танилцаарай.








