Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны зургаадугаар сараас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн ч судалгаагаар, амьжиргааны түвшин 670 оноонд багтсан өрхийн хүүхэд олгохоор болсон талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн жил УИХ-ын 40 дүгээр тогтоолоор, нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор улсын төсөвт шаардлагатай 216 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ дагуу ХНХЯ-наас өнгөрсөн жилийн долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг түшиглэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг гаргасан байна. Энэхүү судалгааг нэгтгэхэд, 980 мянган хүүхэд тэтгэмж авах хүсэлт илэрхийлжээ.
Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг: "Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн.
Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна.
2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд мөнгө олгох 40 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар 2019 оны зургаадугаар сарын 1-нээс хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохоор боллоо.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авахад хамрагдсан эсэхээ дараах байдлаар тодруулна.
Нэгдүгээрт, 2018 оны 7, 8 дугаар сард хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлж, Хөдөлмөр халамжийнхаа хэлтэст бүртгүүлж материалаа өгсөн бол дахиж хүсэлт гаргахгүй.
Харин иргэд өөрсдөө Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очоод өгсөн хүсэлтээ өрхийн мэдээллийн санд орсон эсэхийг баталгаажуулах нь зүйтэй.
Хоёрдугаарт, хэрэв 2018 оны 7, 8 дугаар сард хийгдсэн судалгаанд хамрагдаагүй бол өнөөдрөөс эхлэн оршин суугаа дүүрэг, аймаг, сумынхаа хөдөлмөр халамжийн нийгмийн ажилтанд хандан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Материалыг авсны дараа амьжиргааны түвшинг нь 670 гэсэн оноогоороо татаж үзээд, хүүхдийг мөнгөн тэтгэмжид хамруулах батлгаажуулалтыг гаргаж, олгох арга хэмжээг авна.
2019 оны зургаадугаар сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмж зургаадугаар сарын 20-нд олгогдоно. Төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй" гэлээ.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хүсэлт гаргасан хүүхдүүдийн өмнөх саруудын мөнгийг нөхөж олгох уу?
-Улсын төсөвт 912 мянган хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Судалгаагаар, энэ онд 911 мянга гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авсан байна. Харин хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан хүүхдийн мэдээллийг нэгтгэхэд, 980 мянган хүүхдийн мэдээлэл Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Нэмж хүсэлт гаргасан хүүхдийн тэтгэмжийн эх үүсвэрийг сая шийдсэн тул нөхөж олгох боломжгүй. Тиймээс ирэх сарын нэгнээс хойш сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлнэ.
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Амьжиргааны түвшин 670 онооноос бага хүүхдийг хамруулах нь ямар учиртай вэ?
-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон ч босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутах магадлалтай. Тиймээс эхний ээлжинд судалгаагаар 670 оноонд багтаж байгаа өрхийн хүүхдэд олгохоор болж байгаа юм. Хүсэлт гаргасан өрх бүрт олгоход нэмэлтээр шийдсэн хөрөнгийн эх үүсвэр багтаж байвал босго оноог хэрэглэх, эсэхээ шийднэ.



