Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-нд тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Хүнсчдийн холбоо, "Глобал коммунитис Монгол" олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцию Христеа, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдавга, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, НҮБ-ын ХХААБ-ын сүүний нэмүү өртгийн сүлжээний зөвлөх Б.Мөнхжаргал болон сүүний салбарынхан, судлаачид, олон улсын төлөөлөл оролцсон байна.
Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, сүүний салбарын хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар салбарын төлөөлөл хэлэлцжээ.
Дэлхийн сүүний өдрийг 2001 онд НҮБ-ын ХХААБ-ын санаачилгаар тэмдэглэж эхэлсэн юм байна. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна. Монгол Улс энэ өдрийг 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй юм. Өмнөх жилүүдэд 2016 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа”, 2017 онд “Ирээдүйгээ сүүгээр мялаая”, 2018 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байжээ.





