(Зөвхөн хэвлэл мэдээллээр цацагдаж, нийтэд ил болсон мэдээллүүдийг сэргээн сийрүүлэв)
Европын орноос хүн хулгайлсан хэрэгт буруутган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд саатуулжээ. Түүнийг Францад цагаачлалд орсон байсан Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлж Монголд хүчээр авчрах гүйцэтгэх ажиллагаанд гар бие оролцсон гэж шалгаж байгаа нь тодорхой болов. Монголын төр хүн хулгайлах гүйцэтгэх ажиллагаа явуулсан Б.Хурцыг гадныханд хэн илчлэв хэмээн буруутныг хайх, авран хамгаалахаар ид бужигналдаж байлаа. (2010 оны аравдугаар сар)
Д.Энхбат: "Ч.Энхтайваны ард М.Энхсайхан байгаа, тэдний талаар баттай мэдээлэл бий" гэсэн
-Намайг онгоцоор ирсэн гэдгийг тогтоох шиг амархан юм байхгүй. Германаас тавдугаар сарын 18-нд ирсэн онгоцны суудлын хамгийн ард хэсэгт би хүлээстэй сууж ирсэн. Надад нүдний хар шил зүүлгэсэн болохоор бүх юмыг сайн харж чадахгүй байсан. Бие засах газар руу явахад хүмүүс хүлээстэй намайг харсан л байх ёстой. Намайг харсан хүмүүс үнэн байдлыг хэлээч гэж хүсч байгааг минь цааш нь дамжуулж өгөөч. Онгоцны үйлчлэгч эмэгтэй "Таны бие зүгээр үү" гэж асуухад нь би их баярласан. Буянт-Ухаад онгоцон дотор орж ирсэн албаны хүн "Наад хүнийхээ нүүрийг харуул" гээд намайг гар дахь паспорттай тулгасан. Тэгээд хилийн шалганы боомтоор дамжуулалгүйгээр онгоцноос буулган тагнуулынхны машинд суулгасан.
Намайг тагнуулын газрын шоронд хорьж байхад дэд хурандаа Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авдаг байсан. Тэр хүн чамайг ямар аймаар хувь заяа хүлээж байна вэ, бод. Чамайг дажгүй залуу гэдгийг чинь мэднэ. Тагнуулаас хүн амьд гардаггүй юм. Чи амьд гарахын тулд "Цагаан шонхор"-ын Энхтайван Зоригийг алах саналыг надад тавьсан. Би зөвшөөрөөгүй гэж хэл л дээ. Ингээд бүх юм дуусна ш дээ" гэсэн. Мөн Энхтайваны цаана Энхсайхан байгаа, тэдний талаар баттай мэдээлэл байгаа гэсэн. Тэгэхээр нь би хүн гүтгэж чадахгүй гэсэн.
Тагнуулын ажилтнууд "Чиний ирсэн дипломат паспорт чинь энэ байна. Чи ирсэн энэ паспортоороо буцахад 500 сая төгрөг аваад явна ш дээ" гэж хэлсэн. Би Монголын дипломат паспорт дээр өөрийн иргэний үнэмлэх дээр наасан зурагны хуулга байхыг нь харсан. Намайг тамлаж зовоосоор Энхтайваныг тагнуулахаар элсүүлж албан хүчээр баталгаа авч, улсын нууц задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан. Амьд гарахын тулд яах аргагүй ингэсэн.
Тэд хэлэхдээ чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй. Чамайг алчихаад сураггүй болсон хүний тоонд оруулчихна гэхээр нь айгаад бас тэнэгтээд гарын үсэг зурсан. Монголд өнөөдөр ийм ноцтой гэмт хэргийг хүнд хүчээр хүлээлгэх гээд байхад, хүн гүтгүүлэх гээд, ийм том асуудал болоод байхад холбогдох газар нь яагаад тоож шалгахгүй байна вэ. Би онцгой комисс гаргуулж шалгуулмаар байна. Би үхээд дуусах хэрэг биш шүү дээ...
(Д.Энхбат Зайсангийн хорих ангийн эмнэлэгт байхад түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнг, сурвалжлагчийн хамт дотогш нэвтэрч Д.Энхбатаас ярилцлага авсныг "Өдрийн сонин"-ы 2008 оны долдугаар сарын 31-ний дугаарт нийтэлжээ)
Миний бие шоронгийн ая даахгүй гэдгийг тэд мэдэж байсан
...Бодит байдал гэвэл бүх юмыг тагнуул мэдэж байна. Бүх юманд тагнуулын хөл гар оролцож байна. Энэ бол маш эртнээс зохион байгуулсан юм билээ. 2002 оны есдүгээр сард С.Зоригийн хавтаст хэргээс материал алдагдлаа гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнээс арваад хоногийн дараа Ц.Нямдорж сайд 500 сая төгрөг амлаж телевизээр ярьсан. Ингээд хэд хоногийн дараагаас урьдах гэрч нараа дахин байцааж эхэлсэн. Энэ 500 сая төгрөг ийм л юманд зарцуулах мөнгө байж. Энэ хэрэгт намайг бүр эртнээс судалж сонгосон нь мэдэгдсэн. Миний ял шийтгэл тэр бүү хэл 2003 оны хоёрдугаар сард Парист бие муудсаныг хүртэл мэдэж байсан. Миний бие шоронгийн ая даахгүй гэдгийг мэдэж нарийн судалсан...
(Д.Энхбатын өөрийнх нь ”Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага)
Л.Санжаасүрэн: "Энэ бол улсын нууц биш. Хүний эрхийг зөрчсөн маш ноцтой асуудал"
-Д.Энхбат баривчлагдаж ирэхээсээ өмнө Франц улсын Саен хотын цагаачлалын байгууллагад бүртгүүлж тэнд амьдарч байсан. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Цэрэнпагма гэдэг таньдаг эмэгтэй уулзъя гэж утасдсаны дагуу Д.Энхбат өөрийн "Форд" маркийн автомашинтайгаа болзсон газар болох Лэ Хэвра хотод очжээ. Тэнд Цэрэнпагма дөрвөн монгол залуутай хамт байсан бөгөөд Д.Энхбатыг очингуут цахилгаан бороохойгоор цохиж унагаагаад машинд чихэж оруулаад хөдөлсөн.
Тэд гар утсаар хэн нэгнээс зааварчилгаа авч байсан бөгөөд Бельги улсын хилд ойртонгуут дипломат дугаар сольж зүүж, Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд очжээ. Элчин сайдын яаманд түүнийг ямар нэг тариураар тарьж ухаан алдуулж тавдугаар сарын 18-ны өдөр Монгол руу ирсэн.
Д.Энхбатын өөрийнх нь үзэж байгаагаар гараа гавлуулж хүлүүлж амаа таглуулсан Германы хил гаалиар оруулж гаргаж байхад Германы зохих албаны хүмүүс яагаад анхаарал тавихгүй байгаад гомдсон сэтгэлээ хэлжээ. Учир нь тэрбээр энэ улсын харьяаллын хүн болоод тэр юм байна. Буянт-Ухаад буухад Д.Энхбатыг шууд машинд суулгахад тэнд буу шийдэмтэй баг өмссөн хүмүүс элэг рүү нь бууны бөгсөөр цохиж ухаан алдуулсан. Тэр шоронд сэрсэн бөгөөд Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авсан....
Эрүүдэж шүүж тамлаж байсныхаа дараа "Чи энд байснаа хэнд ч хэлж болохгүй. Энэ бол улсын нууц. Задруулах юм бол чамайг ална. Тагнуулынхан нууцаа хамгаалж чаддаг юм" гэж сүрдүүлж байгаад албадан баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. Энэ бүхний дараа Сэлэнгэд очсоны дараа 99810333 дугаарын утас өгч Германд байгаа эхнэр рүүгээ "Дөнгөж сая Монголд ирлээ" гэж хэл гэж шаардсан.
Тэгээд Сэлэнгийн Алтанбулагийн ойролцоо цагдаагийн хошууч Батсүх гэж танилцуулсан хүнд хүлээлгэж өгч улмаар Улаанбаатарт шорон руу эргүүлэн авчирсан. Үүний дараа Улсын мөрдөн байцаах газраас хуурамч бичиг баримт ашигласан гэх хэргээр, Төмөр замын цагдаагийн хэлтсээс С.Зоригийн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Энэ бол улсын нууц биш. Хүний эрхийг зөрчсөн маш ноцтой асуудал...
(Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн ээлжит хэвлэлийн бага хурлуудын мэдээллийг хэвлэлүүдэд нийтэлсэн нь)
“Ялтан Д.Энхбатыг гадаадаас баривчлан авчирсанд хууль, хүний эрх зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй”
-Д.Энхбат ял эдэлж байх үедээ 1998 оны долдугаар сарын 31-нд эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулан хорих ангиас суллагдсан байна. Гэтэл энэхүү дүгнэлт нь санаатай гаргасан худал дүгнэлт болох нь мөрдөн байцаалтын явцад илэрч Монгол Улсын прокурорын дүгнэлт гарч, Нийслэлийн шүүхийн 2002 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 41 тоот тогтоолоор Д.Энхбатыг чанга дэглэмд эдлээгүй үлдсэн 12 жил нэг сар, найман хоногийн хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр тогтоожээ. Шүүхээс Д.Энхбатыг эрэн сурвалжилж олж баривчлахыг даалгасны дагуу олон улсын хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр гадаадаас баривчлан авчирч холбогдох асуудлыг шалгаж ялыг эдлүүлж байгаа юм. Ялтан Д.Энхбатыг гадаадаас баривчлан авчирсан үйл ажиллагаанд хууль зөрчсөн, уг хүний эрх, эрх чөлөөнд халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
(ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд гаргасан албан мэдэгдэл. 2008.07 сар)
Ц.Нямдорж: Ял эдлүүлэх гэхээр өвчтэй болчихдог, хууль бусаар чөлөөлсний дараа эрүүл болчихдог л хүн байна лээ
-Ял эдлүүлэх гэхээр өвчтэй болчихдог. Хууль бусаар чөлөөлсний дараа эрүүл болчихдог л хүн байна лээ. 2000 онд Францад очоод баригдах хүртлээ зүв зүгээр байсан юм билээ. Одоо ял эдлэх болохоороо хүний эрхийн хороогоор ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргуулсан байна лээ.
(2003.11.25-ны өдрийн дугаар)
-Д.Энхбатыг шалгах шаардлага байсан. Гэтэл зарим улс төрийн хүчин элдвээр дайрч садаа учруулж байгаа. Хамт тэмцэж явсан нэг нөхрийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж байхад яагаад тэгдэг юм бүү мэд...
(2004.04.21-ны дугаар)
Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун:
-Иргэн Д.Энхбатыг Францаас баривчилж авчирсантай холбоотойгоор тус улсын тал таагүй хандсан нь үнэн. Гэхдээ манай тал өөрийн байр суурийг илэрхийлснээр хоёр тал харилцан ойлголцож зохих арга хэмжээг авсан. Одоо хоёр улс бүрэн ойлголцсон.
(2003.10 сар)
Манай хүчний байгууллагын ажилтнууд энэ хүнийг аачрахдаа холбогдох байгууллагуудтай ярилцаж амжаагүй ирсэн тал бий. Энэ асуудалтай холбогдуулан Германд суугаа Элчин сайд Д.Тэрбишдагва мэдүүлэг өгөөгүй, мэдээлэл өгсөн. Мэдүүлгийг шүүхэд өгдөг. Мэдээллийг хэнд ч өгч болно. Германы холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.
(2004.05 сар)




Сэтгэгдэл (2)