Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулиас эхэлсэн сүрьеэ өвчний илрэл нийслэл болон орон нутагт газар авч байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Зөвхөн тус сургуулийн 1700 гаруй сурагчдын 500 гаруй нь сүрьеэгээр өвчилсөн нь илэрсэн билээ. Тэднийг хоёр жилийн өмнө тус сургуульд багшилж байсан сүрьеэ өвчтэй хоёр багшаас халдвар авсан байж болзошгүй хэмээн мэдээлж байгаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар "Сүрьеэ өвчин гэнэт дэгдсэн хэрэг биш. Далд байсан халдвар, өвчлөл үзлэг шинжилгээний үр дүнд илэрч гарч ирсэн хэрэг" хэмээн ярьсан билээ. Засгийн газраас хөрөнгө төсөв гарган ЕБС-ийн бүх сурагчдыг сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулж байгаа ч эцэг эхчүүд бухимдсан хэвээр байна. Өнөөдөр 11.00 цагаас сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчдын эцэг эхчүүд, багш эмч нар салбарын яамдаас хариуцлага нэхэж жагсахаар болсон байна.