Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас сүрьеэ өвчлөөр халдварласан сурагчид олноор бүртгэгдсэний дараа Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЕБС-иудад хийж буй сүрьеэгийн үзлэг шинжилгээний талаар танилцуулжээ. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, 6932 сурагчийг үзлэг, шилжилгээнд хамруулжээ. Цаашид үзлэг шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардагдах зардал, шаардлагатай тоног төхөөрөмжийг яаралтай гаргаж өгөх үүргийг сайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа.
Мөн энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өргөжүүлэхээр өнгөрөгч намар УИХ-ын гишүүдээс санаачилсан “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах шаардлага байгааг санууллаа. Тэр энэ тухай “Хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангаснаар дархлааг дэмжиж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой" гэв.