Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг эзэмшиж байсан "UB Construction" компанийн ажиллуулж байсан зогсоолын үйлчилгээг нийслэлийн өмчит "Улаанбаатар АЗЗА" ХХК өнөөдрөөс түр ажиллуулахаар болжээ.
"UB Construction" компани дээрх газарт иргэдийн амарч тухлах усан оргилуур бүхий цогцолбор барих нэрийдлээр 2006 онд гэрээ хийж эзэмшжээ. Гэвч 13 жилийн турш тухайн газрыг зориулалтын бусаар ашиглаж, гэрээний заалтыг зөрчсөн тул Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших зөвшөөрлийг нь цуцлах захирамж өнгөрсөн сарын 23-нд гаргасан. Тиймээс тухайн газарт иргэдийн амарч, тухлах таатай нөхцлийг цогцоор нь бүрдүүлэх төслийн уралдаан зарлахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хугацаанд дээрх газрыг "Улаанбаатар АЗЗА" ХХК хуулийн дагуу хариуцахаар болсон бөгөөд зогсоолын үйлчилгээг иргэдийн эрх ашигт нийцүүлэн түр ажиллуулж, орлогоо нийслэлийн төсөвт төвлөрүүлэх аж. 2016 онд байгуулсан гэрээгээр “UB constraction” компани төлбөртэй зогсоолын орлогоос 30 хувийг нь нийслэлд төвлөрүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл нэг ч төгрөг хотын төсөвт орж ирээгүй байна.
Төслийн уралдааныг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар мэргэжлийн байгууллагуудын дунд 14 хоногийн хугацаанд зарлаж, шалгарсан төслийн дагуу бүтээн байгуулах ажил эхлэх юм байна.
НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу тус зогсоолд нэг тээврийн хэрэгсэл 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар 07.30-10.30 цагийн хооронд үйлчлүүлэх юм. Харин амралтын өдөр иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.



