УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан. Тэгвэл өчигдөр дээрх асуудлаар хуульч О.Мөнхсайхан (О.М), Л.Гүнбилэг (Л.Г), "Оюуны инноваци" ТББ-ын судлаач Б.Эрхэмбаяр нар анализ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Л.Гүнбилэг: Монгол Улсын Үндсэн хууль тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. Гэтэл хүний эрхийг баталгаажуулж, хамгаалах үүрэгтэй төр өөрөө хамгийн их хүний эрхийг зөрчих магадлалтай байдаг. Ээлжит бус чуулганаар батлагдсан хуулийн тухайд бол хууль тогтоох, засаглах эрх мэдэл нь хяналт тавих эрх мэдэл рүү хальж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлчихлээ. Тэгэхээр хүний эрхийн баталгаа хангагдахгүй болж, үндсэн хуульд заасан улсын язгуур эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн гурван хууль Үндсэн хуульт ёсныхоо зохицуулах процессыг зөрчлөө. Ингэснээр шүүх, прокурор, АТГ-ыг улстөрөөс хараат бусаар, бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочихсон гэсэн үг.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Монгол Улсын Ерөнхийлөгч голлох үүрэгтэй байдаг. Мөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга багтаж байгаа. Энэ гурван хүн хэрвээ үнэхээр сайн хүн байх юм бол магадгүй энэ хууль сайнаар хэрэгжих боломжтой байх. Энд батлагдсан хуулийг энгийнээр тайлбарлавал, Ерөнхийлөгч "Майдар хот барья" гэдэг ч юм уу ямар нэг том төсөлд хандив авья гэхэд бүх компанийн захирлууд шуудхан хэлэхэд энэ хүн дээр дугаарлана. Үүнийг ашиглаад улстөрийн тодорхой нэг бүлэглэл өөртөө ашиг хонжоо олж, мөнгө босгоод эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох үндэс бүрдэж байгаа юм. Нөгөө талаараа бусад улстөрийн бүлэглэлүүдээ дарах, улс төрийн эрхийг зөрчих, ийм бодит нөхцөл байдал үүсчихлээ.
Ээлжит бус чуулган дээр аль хэдийнэ илэрсэн эрүүдэн шүүсэн тухай бичлэгийг гишүүдэд үзүүлж, массын анхаарлыг өөр тийш татаж, айдас төрүүллээ. Үүний цаана иргэн, эрүү, захиргааны бүх хэрэг дээр улс төрийн нөлөөлөл орох боломжийг бүрдүүлсэн. Энэ бол цаашдаа Монгол Улсын хувь заяаг яаж ч эргүүлж мэднэ. Төрийн эрх мэдэлтнүүд энэ хуулийг сөргөөр ашиглах юм бол маш эрсдэлтэй. Нэг хүний засаглалыг бий болгох боломжтой юм.
О.Мөнхсайхан: Өнөөдөр практик дээр тулгарч буй асуудлыг шийдэх гэж байгаа нь гээд 1937 оны Онц бүрэн эрхт комиссыг дахин байгуулж болохгүй. Ер нь бол байгуулагдчихлаа. ҮАБЗ Онц бүрэн эрхтэй комисс болж хуулийн байгууллагыг удирдах боллоо. Ер нь бол хэлмэгдүүлэлт гарах юм руу орчихлоо. Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулагдчихлаа. Хүнийг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоож байна. Эрүүдэн шүүх бол онц аюултай гэмт хэрэг. Одоогийн эрүүгийн хуульд ийм тохиолдлыг хэрхэн зохицуулах тухай гарц, шийдэл байгаа. Хууль зөрчсөн хүмүүст ёсзүйн хариуцлага тооцох ёстой байтал Үндсэн хуульт системээ бүрэн нураачихлаа. УИХ-ын чуулган дээр Ц.Мөнх-Орчил, С.Эрдэнэ, Н.Оюундарь гишүүд зарчмын асуудал, гарц ярьж байсан. Гэтэл тэднийг эрүүдэн шүүх ажиллагааг дэмжигчид гэж цоллосон. Өнөөдөр манай улсад авторитар дэглэм рүү оруулдаг хар PR орж ирээд байна. Сүүлийн хоёр жил дандаа хуулийн гарцтай зүйлээр нийгмийг самууруулж, айдаст автуулах боллоо.
Л.Гүнбилэг: Үндсэн хуульд байхгүй маш олон эрх мэдлийг Ерөнхийлөгчид өгсөн. Гэхдээ энэ бол удаан хугацаанд аажим аажмаар хийгдэж ирсэн. Анх 2006 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчид АТГ-ын дарга, дэд даргыг дэвшүүлэх эрх мэдлийг өгсөн. Дараа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед 2013 онд Шүүхийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа маш ноцтой зүйл хийсэн. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар Монгол Улсын бүх шүүгчийг томилдог байсан. Харин шүүгчдийг шилж олж нэр дэвшүүлдэг ШЕЗ-ийн бүх гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсон. ШЕЗ тэр үеэс Ерөнхийлөгчөөс хараат болсон. Одоо ч хараат байна.
Ц.Элбэгдорж гэдэг хүн маш том нүх ухсан. Үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэхийн хажуугаар өөрийнхөө улстөрийн үр нөлөө, бусдад нөлөөлөх байдлыг томруулах маш том нүх ухсан. Энэ нүхийг шинэ Ерөнхийлөгч гарч ирээд булах, илааршуулах ёстой байсан. Үнэхээр шударга ёсыг тогтооё гэж байвал АТГ-ын даргыг, ШЕЗ-ийн гишүүдийг өөрөө томилохгүй байх ёстой. Тэгэхээр өнөөдөр Х.Баттулга Ц.Элбэгдоржийн ухсан нүхийг улам бүр гүнзгийрүүлэх алхам хийлээ. 2021 онд дараагийн Ерөнхийлөгч гарч ирээд энэ их эрх мэдлийг ашиглаад бүр гүнзгий нүх ухах, их хэлмэгдүүлэлт явуулах боломжтой болж байна. Ерөнхийлөгч сайн хүн байгаад, зөв бодолтой байсан бол энэ тогтолцоог таслах байсан. Одоогийн нөхцөл байдалд Ерөнхийлөгч бизнесмэн хүн. Хэрвээ энэ хүн эрх мэдлээ ашиглаж, өөр сувгаар эрсдэлтэй алхах юм бол Монголын бүх бизнес, бүх томилгоо тэр хүний гарт очно. Ийм хаанчлалын эх үүсвэрийг тавьчихлаа. Иймээс Үндсэн хуулийг оршуулж байна гэдэг ноцтой асуудал яригдлаа.

О.Мөнхсайхан: Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүдэн шүүлт болсныг илрүүлчихээд байхад нэн яаралтай уучлал үзүүлж, хуулийн дагуу холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэх боломжтой байсан. Тэрийг мэдсээр байж хийгээгүй.
Ерөнхийлөгч голлох үүрэг гүйцэтгэдэг ҮАБЗ аль нэг шүүгч, прокурор, АТГ-ын ажилтныг түдгэлзүүлэх зөвлөмж гаргаж ШЕЗ рүү явуулах нөхцөл бүрдсэн. Энэ тохиолдолд 500 шүүгч, 500 прокурорыг ажлаас нь түдгэлзүүлэх, огцруулах, бүрэн эрхийг нь дуусгавар болгох боломжтой болчихлоо. Хамгийн ноцтой нь тэр зөвлөмж ямар ч үндэслэлээр гарч магадгүй. Тодорхой заасан ямар ч үндэслэл байхгүй. Ямар ч шалтгаангүй шүүгч, прокурорыг түдгэлзүүлж, Ерөнхий шүүгчийг огцруулж болно. Үүнийг дур зорго гэж нэрлэдэг. Дур зоргоор шийдэгдэх боломжтой болчихлоо.
ҮАБЗ бол уг нь Засгийн газрын гишүүдийн хоорондын уялдааг хангаж, Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргахад тусалдаг институци байсан. Харин одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гуравт зэрэг нөлөөлдөг, гурвууланг нь нэгтгэсэн маш хүчтэй институци болж хувирч байна. Монгол Улс өнөөдрийг хүртэл 30 жил ардчилал, бие даасан хяналтыг бий болгох гэж зорьсон. Өнөөдрийг хүртэл манай улсад Назарбаев, Путин шиг хүн гарч ирээгүй байлаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал бие биенээ хянадаг, болохгүй хүмүүсийг халж сольдог байсан. Харин өнөөдөр бидний үнэт зүйлээрээ сонгосон энэ тогтолцоо үгүй болчихлоо.
Л.Гүнбилэг: Шүүх засаглалыг нэлээд ярилаа. Прокурор дээр яагаад аюултай байдал үүсч байгааг товч тайлбарлая. Манай улсад прокурор нэгдмэл төвлөрсөн удирдлагатай явдаг. Энэ байгууллагыг Ерөнхий прокурор, түүний орлогч, дээд шатны прокурорууд шууд босоо удирдлагаар хангадаг юм. Хэдийгээр Ерөнхий прокурор наад хэргийг чинь ингэж шийднэ, тэгж шийднэ гэж хэлэхгүй. Тэгсэн ч гэлээ аль нэг прокурор руу утасдаад "За наад хэрэг чинь тийм юм байна шүү дээ. Наадахаа анхаарч байгаа биз дээ. Наадах чинь эрүүгийн хуулийн тэр тэр л юм шиг байх юм даа. За сайн ажиллаарай гээд утсаа тавихад" тэнд ажиллаж байгаа прокурор шууд нөлөөнд автдаг. Бүх прокурор дотоод сүлжээгээр холбогдсон байдаг учраас хаана ямар хэрэг дээр хэн гэдэг прокурор ажиллаж байна вэ гэдгийг тэд мэддэг юм. Тэгэхээр нэгдмэл төвлөрсөн удирдлагыг бусад орнууд яаж зохицуулдаг вэ гэхээр захиргаа удирдлага, санхүү, байр савны хувьд нэгдмэл удирдлагатай. Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, ял эдлүүлэх тал дээр нөгөө прокурор хараат бус байхыг эрхэмлэдэг. 2017 онд гарсан Прокурорын хуулийн шинэчилсэн найруулга дээр зөвхөн захиргааных нь хувьд нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байлгая гэдэг санал гаргасан. Гэвч авч хэлэлцээгүй.
О.Мөнхсайхан: Үүнээс гадна прокурорын ёсзүйн зөвлөлийн гишүүдийг Ерөнхий прокурор томилдог. Тэгэхээр прокурор ямар нэгэн ёсзүйн асуудал гаргах юм бол огцруулах саналыг гаргаж, Ерөнхий прокурор шийддэг болсон. Тэгэхээр Ерөнхий прокурорын үгэнд орохгүй бол сахилгын шийтгэл ногдуулж, шууд зайлуулахад нээлттэй болсон.
Л.Гүнбилэг: Нөгөө яриад байдаг "Шударга бусын хонгил" өнөөдөр улам төгөлдөршчихлөө. Тэгэхээр сэтгүүлчид одоо жинхэнэ хараат бус байдалд орно. Та бүхэн хэн нэгэн улстөрчийг эрэн сурвалжилж бичвэл та бүхэнтэй холбоотой зөрчлийн маргаан хумигдах хэмжээнд хүрсэн. Өнөөдрөөс эхлээд Үндсэн хуульт ёсоор олгогдсон та нарын хэвлэн мэдээлэх, итгэл үнэмшилтэй байх бүх зүйл чинь хаагдана. Товчхондоо, тэр хүмүүст таалагдахгүй зүйл хийх юм бол таныг шүүх, прокурор дээр ямар нэгэн байдлаар шоглоход асуудалгүй болсон гэсэн үг.
Мөн үүнээс хойш том ч бай, жижиг ч бай ямар ч бизнес хамгаалалтгүй болсон. Дургүй хүргэвэл шууд няслах боломж бүрдлээ.
О.Мөнхсайхан: УИХ-ын ээлжит бус чуулган дээр гишүүд зарчмын юм аа зоригтой ярьж байсан. Харин үүнээс хойш УИХ-ын гишүүн чуулган дээр тэгж үг хэлж чадах уу, үгүй юу гэдэг асуудал хүртэл хөндөгдөж байна. Судлаачид, хуульчид, иргэний нийгмийнхэн, сэтгүүлчид гээд өөр үг хэлсэн бүх хүмүүсийг энэ тогтолцоогоор оруулах юм бол хуулийн хамгаалалт нурж унана гэсэн үг.
Л.Гүнбилэг: Би өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа “Шударга бусын хонгил”-оор орж байгаа хүнийг татаж гаргах гэж оролдож байсан практик надад бий. Тухай тохиолдолд хуулийн зохицуулалт байсан уу гэвэл байсан. Эрүүдэн шүүх асуудал яригдлаа гэхэд Эрүүгийн хуулиар асуудлыг шийдэх боломжтой. Хууль эрхзүйн зөндөө гарц байхад шийдэхгүй байгааг, ямар санаатай, яачихсан Хууль зүйн сайд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Өнөөдөр нэг багш хүүхэд зодоход бүх багш нар муухай гээд ҮАБЗ-өөр оруулж байя гэдэг шиг юм болчихлоо. Магадгүй ийм муухай юм болохгүй байж болно. Гэхдээ л Үндсэн хуульд халдсан учраас хүн л юм чинь тэдэнд хувийн шунал, улс төрийн эрх ашгаа хамгаалах зүйл гарна. Тэд бурхад биш шүү дээ. Үндсэн хуулийн бус аргаар асуудлыг шийдэх гарц нээчихлээ.
О.Мөнхсайхан: Нууцаар, дур зоргоор тагнаж чагнах бичлэг хийх журмыг Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газрын дарга баталдаг. Нууцаар тагнах ажиллагааг уг нь маш онц ноцтой хэрэг дээр, хязгаарлагдмал хүрээнд, маш нарийн зохицуулалттай хийх ёстой. Үүнийг 2016 оны хавар батлагдсан Эрүүгийн хуулиар шүүхийн хяналт руу оруулах гэж үзсэн. Тэгээд унасан. Тухайн үед ЦЕГ-ын дарга тэргүүтэй хүмүүс мэдэгдэл хийж байсан. Тэд "Дур зоргоор тагнаж чагнах асуудлыг шүүхийн хяналт руу оруулахгүй бол болохгүй байна" гэж ярьж байлаа. Өнөөдөр яагаад ийм бичлэгүүд байн байн гарч ирээд байгаа юм. Тусгай мэргэжлийн хүмүүс хийж байгаа байхгүй юу. Бусад улсад Эстони зэрэг улсад тагнаж чагнах ажиллагааг нэг бүрчлэн нарийвчлаад бүх ажиллагааг нь хуулиар зохицуулдаг. Зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр, таван жилээс дээш хорих ялтай хэрэг дээр хийдэг. Гэтэл манайд тагнаж чагнах ажиллагааг удирддаг хүн өөрөө өөртөө зөвшөөрөл өгөөд байна шүү дээ. Олон улсын жишиг манай үндсэн хуулийн стандарт руу ороогүй байна.
Л.Гүнбилэг: Өмч хувьчлалын асуудлыг захиргааны хэргийн харьяаллаас гаргачихлаа. Тэгэхээр одоо төрийн өмчит компаниуд гулсаад л ороод ирнэ. Хүн харахад хувьчлаад байдаг. Гэтэл төрийн хэсэг бүлэг нөхдийн сонгуулийн мөн гө болох хоолой бий болчихлоо. Шоронд яаж явахгүй байх вэ гэж амь нь тэмцэж байгаа гишүүд өнөөдөр “төмсөгдүүлчихээд” байна.
Г.Нарантуяа





Сэтгэгдэл (2)