x

Онц дэглэм ба "Эрдэнэт": Өттэй мал таргалдаггүй

Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй

Нэг зүйлийг сануулахад, 2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээний маргааныг Лондоны олон улсын арбитрын шүүх /ЛОУАШ / хянаж үзээд  “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл болох 50 орчим сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг  одоогоос хоёр жил хагасын өмнө буюу 2016 оны есдүгээр сард манайд ирүүлжээ. Уг зээлийн батлан даагч нь (Батлан даагч гэдэг нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээд) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэдгийг шүүх тогтоосон учраас тэр.

Үүнээс өмнө арбитрын шүүх дөрвөн ч удаа хуралдаж, дээрх хугацаанд Стандарт банкнаас гаргасан шүүхийн зардал болон “Жаст” группийн төлөгдөөгүй зээлийн хүүд дахиад 40 гаруй сая ам.долларын төлбөр тавигдсан. Ингээд нийтдээ 90 орчим сая ам.долларын өр, төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрийн нуруун дээр буулгасан байна.

Гэвч шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш арван сар өнгөрөхөд Монголын Засгийн газар болон “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны долдугаар сард Стандарт банкны нэхэмжлэлээр ЛОУАШ дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сараас эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 90 гаруй сая ам долларын төлбөрөөс хүү тооцохоор шийдвэрлэсэн байна. Сарын хүү нь 1 орчим сая ам.доллар. Үүний үр дүнд 2018 оны зургаадугаар сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкинд төлөх ёстой өр 100 гаруй сая ам долларт хүрсэн байв. Үүнээс хойш дахиад найман сар өнгөрчихөөд байна.

Уг нь одоогоос жил гаруйн өмнө, 2018 оны хоёрдугаар сард УИХ-ын хэсэг гишүүд “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкинд өр төлбөртэй нь үнэн эсэх талаар Засгийн газарт асуулга тавьж, түүнийхээ хариултыг авсан. Энэ болтол Засгийн газар ““Жаст”-ын өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёсгүй. Зээл авсан, баталгаа гаргасан буруутай этгээдээр нь төлүүлнэ” хэмээн зүтгэсээр байсан билээ. Харин УИХ-ын гишүүд албан ёсоор асуулга тавьсны дараа арга буюу “Шүүхийн маргаанд “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Тийм ч учраас өрийн асуудлыг шийдүүлэхээр ажлын хэсэг гаргаж, дахиад нэг жил өнгөрөхөд асуудал бахь байдагтаа байна. Энэ хэвээрээ үргэлжилбэл нэг л өдөр 49 хувь байтугай 51 хувиа тавьж туучихаад “Үнээгээ алаад, дэлэнг нь шараад идчихсэн” өлсөөд сууж байх вий. Тэгэхээр үйлдвэрийнхний ч, бидний ч хувьд хамгийн ойрын бөгөөд номер нэг зовлон “Монголын зэс”-ийн 49 хувь ч биш, Стандарт банкинд төлөх ёстой өр төлбөрийн асуудал болов уу.

Яагаад “Эрдэнэт” төлөх ёстой тухай

Ш.Батхүү (“Жаст”-ын эзэн) нарыг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан асуудлаар барьж нэг, тавьж нэг шалгасаар таван жил гаруйн хугацаа өнгөрлөө. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өрийн асуудал анх сөхөгдөж, Ш.Батхүү гэдэг хүн АТГ-ын байнгын үйлчлүүлэгч болсон түүхтэй. Өрийн асуудал сөхөгдөөд ирэнгүүт авчираад хийчихнэ, намжаад ирэхээр нь тавиад явуулчихна. Ингэж тэгж явсаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ч дуусах бололтой юм шиг байна. Энэ бол манай л ёс.

Харин хүний ёс бол өөр өө. Лондоны олон улсын арбитрийн шүүх / ЛОУАШ / жишээ нь “Эрдэнэт” үйлдвэрээр “Жаст”-ын өрийг төлүүлнэ ээ л гэсэн бол төлүүлж дуусна. Манайхаас өөр оронд, дэлхийн жишигт хууль, шүүх нь ингэж ажилладаг. Барьцаа, баталгаан дээр гарын үсэг зурсан хүн хэн байх, хэн идэж уусан нь тэдэнд огтхон ч хамаагүй. Гагцхүү Монголын нэрийн хуудас болсон “Эрдэнэт” гэдэг үйлдвэр зээлийн баталгаа болсонд учир байна. Тиймээс “Эхлээд манай үйлчлүүлэгчид төлөх ёстой өр төлбөрөө барагдуул. Хэн нь хэнээсээ хулгайлсан тухай асуудлаа дотооддоо шалгаж шийдвэрлэ ээ” л гэж байна.

Үүнээс үзэхэд нэгэнт төлөх ёстой өр төлбөрийг эртхэн төлж барагдуулах нь наанадаж эдийн засагт хэмнэлттэй, цаанадаж “аминд халгүй” байна. Асуудал ужигарвал өнөө “Эрдэнэт”-ээ тэр чигээр нь тавиад туух магадлалтай.

Анх УИХ дээр өрийн асуудал яригдаж байхад л “Үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг шүүхийн зүгээс өгч байсан. Стандарт банкнаас шүүхэд гаргасан хүсэлт ч бас тийм. Тиймээс шүүх үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийг хангахын тулд нэг л өдөр “дансыг чинь битүүмжиллээ” гэхэд бидэнд зугтах газар байхгүй. Монгол руу орж ирдэг валютын урсгалын тал нь хаагдаж, Орхон аймгийн амьдрал тэр чигээрээ зогсоно (төсвийнх нь 90 хувийг үйлдвэр дангаараа бүрдүүлдэг). Улсын төсөв өм цөм онгойгоод, цалин тэтгэврээ ч тавьж чадахаа болино.

Наанадаж үйлдвэрийн удирдлагууд албан томилолтоор, ажил хэргийн шугамаар, гадаад түншүүдтэйгээ уулзахаар гадагшаа явлаа гэхэд хилийн хорио тавиад хөлийг нь тушчих аюултай. Тэгээд ч өрөө төлөхгүй байх нь үйлдвэрийн гадаад нэр хүндэд хохиролтой. Магадгүй “Манайх 40 жилийн түүхтэй, 60 жилийн ирээдүйтэй, дэлхийд дээгүүрт ордог зэсийн үйлдвэр ээ. Манайд хөрөнгө оруулна уу” гээд алгаа тосоод очих цаг ирэхэд хөрөнгө оруулагч нар энэ үйлдвэрт, цаашлаад Монголын Засгийн газарт итгэх үү?

Шаварт суусан шарын эзэн хүчтэй

Харин ч өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн маргаан, улс төрийн хэрүүлээс холхон сууж, энэ том үйлдвэр, хамт олныг өдий зэрэгтэй аваад ирсэн үйлдвэрийн удирдлагуудад талархууштай. Хэрэв улстөрчдийн энэ хэрүүл маргаан хуулийн хүрээнээс хальж, хувь хүмүүсийн хэрүүл тэмцэл болоод явчихвал үйлдвэрийн ирээдүйг нэг хүний, нэг хэсэг хүний хүчээр тогтоон барих аргагүй болно. Ядаж л шүүхийн шийдвэрээр тавигдсан өр төлбөрөө цэгцэлчихвэл ажил хариуцаж байгаа хүмүүсдээ ч дэмтэй, ашгийг нь хүртэж суугаа ард иргэддээ ч өгөөжтэй юм даа.

Угаасаа “Эрдэнэт” үйдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагууд дунд сайн нэр зүүсэн нь нэг ч байдаггүй юм. Тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр-Стандарт банк” гэдэг энэ холбоо үг бий болсноос хойш хэн ч сайхан харж, сайнаар хэлэхээ больсон. Ийм шавар, балчиг дунд ажил явуулна гэдэг хэн хүний хүсээд байх, хүсээд ч чадах зүйл биш. Харин ч үйлдвэрийн удирдлагууд “шаварт унасан шарын эзэн хүчтэй” хэмээн зүтгэж, өр барагдуулах сан хүртэл байгуулаад, хуримтлал үүсгэчихсэн Засгийн газрын амыг хараад сууж байгаа сураг дуулдсан. Засгийн газар эрхийг нь нээгээд өгчихвөл өрөө төлчихье, үйлдвэрээ аварья л гэж байгаа байлгүй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдэг үг ч бас бий.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа 14 цаг 14 мин Засгийн газар АНУ-тай байгуулах буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн төслийг дэмжлээ 14 цаг 16 мин Худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийж, 686 зөрчил илрүүлэв 14 цаг 17 мин Улаанбаатарт 8 зам тээврийн осол гарч, замын хөдөлгөөний ачаалал үүсгэжээ 14 цаг 18 мин Сар шинийг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна 14 цаг 46 мин Ерөнхий сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, хариуцлага тооцохоо мэдэгдэв 14 цаг 51 мин Европын Холбоо АНУ-ын "Энх тайвны зөвлөл"-д нэгдэхээс татгалзлаа 14 цаг 53 мин Ховд аймгийн 90.3 хувь нь цөлжилтөд өртжээ 14 цаг 56 мин Цагаан сарын ууц, өвчүүний үнэ ханш ямар байна вэ? 16 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг Засгийн газрын бондод байршуулна 16 цаг 29 мин Засгийн газар шахмал түлшний хангамжийн явцыг хэлэлцэв 16 цаг 29 мин Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг хялбарчиллаа 16 цаг 30 мин Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг сонгох дараагийн шатанд дөрвөн компани шалгарлаа 16 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 16 цаг 35 мин Ургац алдсан тариаланчдын зээлийн төлбөрийг хойшлуулна 16 цаг 36 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна 18 цаг 33 мин 12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 18 цаг 37 мин Саудын Араб Ираны эсрэг цэргийн ажиллагаанд нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй гэв 18 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд үүрэг, чиглэл өглөө 18 цаг 40 мин Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэлэлцэв 18 цаг 42 мин
iИх уншсан
Б.Чойжилсүрэн, Х.Ганхуяг нарыг огцруулах нь зүй ёсны шаардла... АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлуудыг танилцуул... Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Хятадын армид авлигын томоохон дуулиан дэгдэж, өндөр албан т... Монгол банхар Азийн аварга боллоо Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи... Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж ... Америкийн авирагч хамгаалалтгүйгээр “Taipei 101” барилгад ав... Хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдэд зориулсан боловсролы... TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан ко... Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг тани... Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав
Top