УИХ 2003 онд Монгол Улсын иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан. 2008, 2013 онуудад газар өмчлөлийн хуулийн хугацааг тус бүр таван жилийн хугацаатайгаар сунгасан. Тодруулбал, энэ хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна.
Одоогийн байдлаар Нийслэлийн 1,3 сая иргэнээс 14 хувь нь газраа өмчилсөн, улсын хэмжээнд газар өмчлөл 13 хувьтай байна. Нийслэлийн газрын албанаас гэр хорооллын иргэдийн дунд хийсэн судалгаагаар нийт 200 мянган иргэнээс 17 мянга орчим иргэн газраа өмчлөөгүй үлдсэн байна.
Тиймээс Нийслэлийн газрын албанаас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаж, газар өмчлөлийн хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт хүргүүлжээ. ГЗБГЗЗГ-аас мөн газар өмчлөлийн хугацааг сунгах хүсэлтээ УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байна. Өмнөх парламентын үед газрыг иргэдэд цахимаар өмчлүүлдэг болсон. Энэ тухай Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун “44 байршилд 69 мянга орчим иргэд газар өмчилсөн ч өмчилсөн газартаа нэг нь ч хашаа хатгаагүй. Тийм учраас цахимаар газар өмчлүүлэх ажлыг түр хугацаагаар зогсоосон гэв.
Манай улсад газар өмчлөл хамгийн бага хувьтай. Мөн Монгол Улсын иргэн хаана ч газар өмчлөх эрхтэй учраас дараагийн өмчлөлийн газрыг хот хооронд болон суурин газруудыг холбосон зам дагуу, эсвэл тухайн иргэн төрсөн нутагтаа, өөрийн сонирхсон аймаг, суманд авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Үүнийг хийхийн тулд хууль болоод журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. Ямартай ч Нийслэлийн захиргаа, Газрын алба дэд бүтэцтэй, суурин газруудад иргэддээ газар өмчлүүлэх гарцыг хайж байна гэжээ.



