Алжирын Үндэсний ардын ассамблей (парламент) Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцох тухай хуулийн төслийг баталжээ. Энэ талаар "Ennahar" сонинд мэдээлсэн байна.
Парламентын гишүүд санал нэгтэй баталсан уг баримт бичигт Франц улс зуу гаруй жил үргэлжилсэн колоничлол болон үүний улмаас Алжирын ард түмэнд учирсан эмгэнэлт явдлуудад хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж заажээ.
Мөн Францын колоничлолыг "төрийн гэмт хэрэг" гэж тодорхойлоод тус улсыг "албан ёсоор уучлал" гуйлгах тухай тусгасан байна. Колоничлогчдын үйлдсэн гэмт хэргүүдээр шүүхийн шийдвэргүй цаазаар авсан, эрүүдэн шүүсэн, хүчирхийлсэн, Алжирын нутагт хийсэн цөмийн туршилт болон тус улсын байгалийн нөөцийг дээрэмдсэн үйлдлүүдийг нэрлэсэн байна.
Ennahar сонинд мэдээлснээр, парламент дахь санал хураалтыг улс төрийн бүх хүчин зөвшилцсний үндсэн дээр явуулсан бөгөөд улс төрийн хүчнүүд уг хуулийн төслийг "үндэсний эв нэгдлийг илэрхийлсэн нэгдмэл шаардлага" гэж үзжээ. Мөн энэхүү хуулийн төслийг үндэсний зөвшилцлийн үндсэн дээр баталсан байна.
Сүүлийн үед Франц, Алжирын харилцаа эрс хурцдаад байгаа юм. 2024 оны долоодугаар сарын сүүлчээр Алжирын эрх баригчид Парист суугаа Элчин сайдаа нэн даруй эргүүлэн татах шийдвэр гаргажээ. Алжир нь 1830-1962 онд Францын колони байсан бөгөөд 1954-1962 оны үндэсний чөлөөлөх дайны үр дүнд Францаас тусгаар тогтнолоо олж авсан байна.
Эх сурвалж: TASS



