/ANADOLU/ Какаоны дэлхийн зах зээлийн үнэ өнгөрсөн наймдугаар сард 25.5 хувиар өсөж, нэг тонн нь 6771 долларт хүрч, зургаан сарын турш дараалан өсжээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд бол “Эль-Нино” байгалийн үзэгдэл, Баруун Африкаас хийж буй нийлүүлэлт буурах магадлалтай гэх болгоомжлол юм.
Ер нь бол сүүлийн үед геополитикийн ба цаг уурын эрсдэлүүдээс үүдэн түүхий эдийн зах зээлийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол нэмэгдсээр байгаа билээ. Тухайлбал, Чикагогийн таваарын биржид өнгөрсөн сард улаанбуудайн үнэ 21 хувиар, эрдэнэшишийн үнэ 16 хувиар, шар буурцагны үнэ 8.5 хувиар, цагаан буудайны үнэ 9.2 хувиар тус тус өссөн байна. Мөн элсэн чихэр блон хөвөнгийн үнэ Intercontinental Exchange биржид 21.5 ба 13.9 хувиар тус тус өсжээ.
Intesa Sanpaolo банкны түүхий эдийн ахлах эдийн засагч Даниэла Корсини хэлэхдээ, какаоны үнэ нэмэгдэж байгаа нь юуны түрүүнд Ойрх Дорнодод дэгдсэн дайны уршгаар эрчим хүчний зардал нэмэгдсэн, “Эль-Ниньо” үзэгдлээс шалтгаалан уур амьсгал өөрчлөгдөж, урьд үзэгдээгүйгээр хэт халснаас үүдэлтэй гэлээ.
Мөн Баруун Африкаас хийж буй нийлүүлэлт тасалдах тохиолдол ойрын саруудад улам олширно гэж тэрбээр үзэж байна. Түүнчлэн “Эль-Ниньо”-гийн нөлөөгөөр харматтан салхи улам ширүүсч, какаоны моддыг ганхуулан, навчсыг нь тасдан хийсгэснээр ургацад сөргөөр нөлөөлнө.
Ирэх 2026/27 оны улиралд дэлхийн зах зээлд үүсэх какаоны илүүдлийн талаарх таамаглалаа олон шинжээч бууруулсан бол Ази тивд эрэлт өссөнөөс үүдэн дахин хомсдол үүснэ хэмээн зарим нь анхааруулж байна. Гол шалтгаан нь “Эль-Ниньо” үзэгдэл болон Кот-д’Ивуар, Гана улсуудад какаоны цэцэглэлт удааширч буй явдал юм.



