Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Азийн 20 дахь удаагийн наадам Японы Аичи муж, Нагоя хотод гурван сарын дараа эхэлнэ.
Азийн волейболын холбооноос тус наадмын волейболын төрөлд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 багийг зарлалаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөх 16 багийн тоонд Монголын шигшээ багтсангүй. Учир нь, манай баг сүүлийн гурван жилийн хугацаанд Олон улсын волейболын холбооны Азийн бүсийн дэлхийн чансааны оноо олгодог тэмцээнүүдэд оролцоогүй аж. Тэдний хамгийн сүүлд оролцсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээн нь 2023 оны долоодугаар сард Тайваньд болсон Азийн волейболын холбооны “Чэлленж кап” байв. Монголын баг Иранд болсон 2023 оны ААШТ-ий “D” хэсэгт багтсан ч тэмцээн эхлэхээс хоёр хоногийн өмнө нэрээ татсан байдаг. Ингэснээр 2023 оны долоодугаар сараас хойш чансаандаа оноо нэмж чадаагүй нь Азийн наадмын шилдэг 16 багийн нэгээр сонгогдоогүй гол шалтгаан болов. Эрэгтэйчүүд 1998 онд Тайландын Бангкокт болсон Азийн наадмыг өнжиж байсан бол 28 жилийн дараа энэ тохиолдлоо дахин давтлаа.
Монголын волейболын холбооноос эрэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлэн Азийн наадамд оролцох бэлтгэлээ базааж байсан ч боломжгүй болов. Тэдний хувьд энэ жил наймдугаар сард болох ЗААШТ-ээс өөр тэмцээнд оролцохгүй боллоо. Эрэгтэйчүүдийн ангилалд Япон, Казахстан, Иран, Хятад, Тайвань, Тайланд, Вьетнам, Солонгос, Киргизстан, Энэтхэг, Индонез, Хонконг, Бахрайн, Филиппин, Пакистан, Катар гэсэн 16 улс өрсөлдөнө.
Харин эмэгтэйчүүд шилдэг 16 багийн нэг болж, Азийн наадамд албан ёсоор оролцохоор болсон бөгөөд өдгөө шигшээ багийг бүрдүүлэн бэлтгэлээ базааж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд Монгол, Япон, Казахстан, Иран, Хятад, Тайвань, Тайланд, Вьетнам, Катар, Солонгос, Киргизстан, Энэтхэг, Индонез, Хонконг, Хойд Солонгос, Филиппин гэсэн 16 улс өрсөлдөнө.





