Египетийн хөлбөмбөгчин Мохаммед Салахын авсан гэмтэл улирал дуусахаас өмнө илааршиж, тэрбээр “Ливерпүүл”-ээс явахынхаа өмнө тоглолтод оролцоно гэж тус клубын хэвлэлийн алба мэдээлжээ.
Салахын гэмтэл анх таамаглаж байсанчлан тийм ч ноцтой биш бөгөөд булчин нь бага зэрэг гэмтсэн тухай мэдээлэлд дурдсан байна.
Тэрбээр Английн аварга шалгаруулах тэмцээний 34 дүгээр тойрогт “Кристал Пэлас” багтай хийсэн тоглолтын 59 дэх минутанд /3:1/ гэмтэл авч сэлгээний сандалд суусан юм. Хожим нь мэдээлснээр, түүний өвдөгний шөрмөс гэмтсэн бөгөөд сарын дараа илаарширна гэж үзэж байв.
Өдгөө 33 настай М.Салах 2017 оны зунаас хойш “Ливерпүүл”-д тоглож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 440 тоглолтод оролцохдоо 257 гоол оруулж, 122 оновчтой дамжуулалт өгөөд байна. Энэ үзүүлэлтээр тэрбээр "Ливерпүүл"-ийн шилдэг довтлогчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна. Тус багт тоглохдоо Салах Английн аварга болж, Аваргуудын лиг, Английн цом, Супер цом, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн юм.
Саяхан Египетийн хөл бөмбөгийн холбооны ажилтан Валид эль-Аттар “Спорт-Экспресс” цахим хуудсанд ярилцлага өгөхдөө, тавдугаар сарын 29-нд болох Орос, Египетийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолтод Салах оролцоно гэдгийг мэдэгдсэн байна.



