Спортын ертөнцөд хамгийн өндөр дүнтэй гэрээ гэхээр олон хүнд хөлбөмбөг л санаанд буудаг. Ухаанд шууд л саяхан тэрбумтан болсон Криштиану Роналду бууна. Үнэхээр ч тэр өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр цалинтай тамирчин бөгөөд шинэчлэгдсэн гэрээнийх нь дагуу жилийн орлого 200 сая ам.доллар давж байна.
Гэвч “том мөнгө” зөвхөн хөлбөмбөгт байдаг уу? Үнэндээ бусад спорт, тухайлбал сагсан бөмбөг, бейсбол, хоккей, автомашины уралдаан зэрэг төрөлд ч аваргууд нь үлэмж дүнтэй гэрээг байгуулсаар байна.
Хойд Америкт “Их дөрвөл” гэгддэг мэргэжлийн спортын лигүүд — Үндэсний хоккейн лиг (NHL), Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA), Бейсболын гол лиг (MLB), Үндэсний хөлбөмбөгийн лиг (NFL) — дэлхийн хамгийн өндөр орлоготой спортын системүүдийн нэг билээ.
2025/26 оны улирал эхлэхийн өмнө орос довтлогч Кирилл Капризов “Миннесота Уайлд” клубтэй найман жилийн 136 сая ам.долларын гэрээ байгуулсан нь НХЛ-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээ болж, хоккейн дээд амжилтыг шинэчиллээ. Түүний жилийн дундаж орлого 17 сая ам.доллар бөгөөд өмнөх гэрээндээ 9 сая ам.доллар авч байв. Капризов өмнө нь 2008 онд “Вашингтон”-той 13 улирлын 124 сая ам.долларын гэрээ байгуулсан Александр Овечкиний амжилтыг давсан юм.
Сагсан бөмбөгийн ертөнцөд “Бостон Селтикс”-ийн тоглогч Жейсон Тейтум таван жилийн 315 сая ам.долларын гэрээгээр NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр гэрээний эзэн болсон. Үүнээс өмнө багийнх нь хамтрагч Жейлон Браун 304 сая ам.долларын гэрээгээр тэргүүлж байсан бол энэ жил “Оклахома Сити-Тандер”-ийн Шай Гилжес-Александр дөрвөн жилийн 285 сая ам.долларын гэрээ байгуулж, жилийн 71.25 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн өндөр цалинтай сагсчин болов.
Бейсболд 2024 оны сүүлээр доминиканы тоглогч Хуан Сото “Нью-Йорк Метс” клубтэй 15 жилийн 765 сая ам.долларын гэрээ байгуулж, өмнөх дээд амжилт болох Сехэй Отанигийн 700 сая ам.долларын гэрээг давсан. Түүний жилийн дундаж орлого 51 сая ам.доллар бөгөөд гэрээний нөхцлөөр нийт дүн 800 сая давж болзошгүй.
Америкийн хөлбөмбөгт “Канзас-Сити Чифс”-ийн квотербек Патрик Махоумс 10 жилийн 450 сая ам.долларын гэрээгээр NFL-ийн түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээг байгуулсан. Гэсэн ч өнөөдөр “Даллас Ковбойз”-ийн Дак Прескотт жилдээ 60 сая ам.долларын цалингаар тэргүүлж байна.
Харин автомашины спортын оргил “Формула-1”-д Нидерландын нисгэгч Макс Ферстаппен “Ред Булл Рейсинг”-ийн бүрэлдэхүүнд багтан жилдээ 72 сая ам.долларын орлого олж байгаа бол, ивээн тэтгэгчдийн урамшууллыг тооцвол “Феррари”-гийн домогт уралдаанч Льюис Хэмилтон нийт 80 сая ам.долларын ашигтай ажиллаж, “Хаан уралдаан”-ы хамгийн өндөр цалинтай тамирчин хэвээр байна.
Спортын гэрээний дүн жилээс жилд өсөж, хөлбөмбөгийн талбайгаас хальж, дэлхийн спортын бүх төрөлд “том мөнгө”-ний өрсөлдөөн улам хурцдаж байна.
Эх сурвалж: Officelife.media