2025 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээн зохион байгуулагдаж, Ази, Номхон далайн 13 орны 14 баг өөрсдийн бүтээсэн роботоор сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдсөн юм.
Шагналын эзнээр Япон улсын баг шалгарч Гран При шагналыг хүртлээ. Тэргүүн байр Хонг Конгийн багт олгогдсон бол Монголын хоёр баг дараалан дэд байрыг эзэлж, түүхэн амжилт гаргав. Шилдэг санааны шагналыг Энэтхэг, шилдэг инженерчлэлийн шагналыг Камбож, шилдэг дизайн шагналыг Индонезийн баг хүртсэн байна. Монголын хоёрдугаар багийн оюутан Б.Хулан тэмцээний MVP шагналын эзнээр тодорч, эх орондоо нэр төр авчирлаа.
Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын тусгай шагналууд гардуулсан бөгөөд Panasonic Connect-ийн шагналыг Монголын баг, Rohm-ийн шагналыг Тайландын баг, Tokyo Electron-ийн шагналыг Малайзын баг, Yamaha Motor-ийн шагналыг Египетийн баг хүртсэн бол Kajima-ийн шагнал Индонез, Hitachi High-Tech-ийн шагнал Шри Ланка, SMC-ийн шагнал Фижид олгогджээ. Харин Вьетнам улсын баг ABU Robocon тусгай шагналын эзэн болсон байна.
“ABU Robocon 2025 ULAANBAATAR” тэмцээн нь Монголын оюутан залуусын ур чадварыг олон улсад харуулсан, хамтын ажиллагаа, инженерийн бүтээлч сэтгэлгээг өргөжүүлсэн чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.
Эх сурвалж: ABU Robocon 2025 Ulaanbaatar Contest Results