TWG Global компанийн Ерөнхий захирал Марк Уолтер Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) алдарт “Лос-Анжелес Лейкерс” багийн хувьцааны хяналтын багцыг 10 тэрбум ам.доллароор худалдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий хэлцэл болж байна.
Хэлцлийн дэлгэрэнгүй мэдээлэл
Эх сурвалжийн мэдээлснээр, одоо тус багийн хувьцааны дийлэнхийг эзэмшиж буй Бассын гэр бүлийнхэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа нийт хувьцааны 15 гаруй хувийг тодорхой хугацаанд эзэмших юм. Мөн Жимми Басс “Лейкерс”-ийн клубын захирлаар хэвээр үлдэнэ.
Өмнө нь 2023 онд Үндэсний хөл бөмбөгийн лигийн "Вашингтон Коммандерс" клубыг 6.05 тэрбум доллароор худалдаж байсан нь хамгийн үнэтэй хэлцэл байсан юм. Түүнчлэн 2025 оны гуравдугаар сард Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Бостон" клубыг 6.1 тэрбум доллароор худалдахаар шийдвэрлэсэн нь тодорхой болсон ч одоогоор гэрээг эцэслээгүй байгаа аж.
“Лейкерс” багийн түүх
“Лейкерс” багийг 1979 оноос хойш Бассын гэр бүлийнхэн эзэмшиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус баг NBA-д 11 удаа аваргалжээ. Мөн тус холбооны аварга шалгаруулах тэмцээнүүдэд нийтдээ 17 удаа түрүүлсэн нь "Бостон"-ы (18 удаа) дараа орох өндөр амжилт юм.
Марк Уолтерын хөрөнгө оруулалт
М.Уолтерын хувьд тэрбээр 2021 онд Фил Аншутцаас тус клубын хувьцааны 26 хувийг худалдан авснаар хувь нийлүүлэгч болсон төдийгүй хяналтын багцыг худалдан авах давуу эрхтэй болсон байна.
Уолтер болон түүний TWG Global компани нь спортын олон багийн хувьцааг эзэмшдэг. Үүнд:
- Бейсболын лигийн "Лос-Анжелес Дожерс"
- Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн холбооны "Лос-Анжелес Спаркс"
- Английн хөл бөмбөгийн “Челси”
- Авто спортын хэд хэдэн баг, тухайлбал "Формула-1" ангиллын уралдаанд оролцож буй "Кадиллак" баг зэрэг багтдаг ажээ.