Вьетнамын нийслэл Ханой хотноо Азийн эмэгтэйчүүдийн волейболын “AVC Nations Cup” тэмцээн болж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцож, “B” хэсэгт өрсөлдөж байна. Хэсгийн тоглолтууд эхлээд буй бөгөөд манай баг эхний хоёр тоглолтоо хийж, харамсалтайгаар хожигдлоо.
Тодруулбал, эхний тойргийн тоглолтод Филиппиний багт 3:0 харьцаатай ялагдсан бол удаах тоглолтод Казахстаны шигшээ багт 3:1-ээр дийлдсэн юм. Монголын баг хэсгийн гурав дахь тоглолтоо өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-нд Улаанбаатарын цагаар 21:00 цагт Шинэ Зеландын багийн эсрэг хийхээр төлөвлөжээ.
Маргааш буюу зургаадугаар сарын 10-нд баг амрах бөгөөд тэмцээний сүүлийн хоёр хэсгийн тоглолтыг зургаадугаар сарын 11-нд Ираны эсрэг, 12-нд Индонезийн эсрэг тус тус хийх юм. Хэсэг тус бүрт байр эзлүүлж, дараагийн шатны тоглолтуудыг тодруулах энэ тэмцээнд оролцогч багуудын хувьд өрсөлдөөн ширүүн өрнөж байна.
Дашрамд дурдахад, Монголын эмэгтэйчүүдийн волейболын шигшээ баг олон улсын шинэчилсэн чансаагаар дэлхийн 66 дугаар байрт бичигдэж буй.
Эх сурвалж: AVC, Монголын Волейболын Холбоо, VTV