Цэргийн цол, чимэг олгох 34 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” энэ сарын 6-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 1992 оноос уламжлал болгон зохиож ирсэн уг барилдаан нь тухайн жилийн хамгийн анхны цол олгох үндэсний хэмжээний барилдаан гэдгээрээ онцлог.
Өмнө нь зэвсэгт хүчин, цагдаа, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, дотоодын цэрэг, ХСИС-ийн спорт хорооны бөхчүүд шууд оролцдог байсан бол энэ жилээс чансаа тогтоон, квотын дагуу оролцуулах шинэ журам мөрдөхөөр болсон байна. Барилдааны бүртгэл маргааш 10:00 цагаас эхэлж, тасалбарын худалдаа мөн энэ өдөр эхлэх юм.
Энэхүү наадамд амжилттай зодоглож, түрүү, үзүүрт шалгарсан бөхчүүд дараа жилийн баяр наадамд улсын цол хүртдэг бичигдээгүй жишиг тогтсон байдаг. Өнгөрсөн хугацаанд энэхүү наадамд түрүүлсэн бөхчүүд дундаас 1 дархан аварга, 2 аварга, 2 арслан, 4 гарди, 4 заан, 9 харцага, 21 начин төрөн гарчээ.
Мөн уг барилдаанд хоёр дараалан түрүүлсэн улсын заан М.Лхагвагэрэл (2021, 2022), начин Д.Цогзолдорж (2000, 2001) нарын жишээ ч бий. Харин түрүүлсэн ч улсын цол хүртээгүй найман бөх байгаагийн дотор аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням, Б.Өлзийсайхан, аймгийн арслан Х.Наранбаяр, Э.Тулга, цэргийн заан Ө.Батсуурь, Д.Энхтөр, Н.Нямаа нар багтжээ.