Дэлхийн шатрын холбооноос хэрэгжүүлж буй “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах цахим шатрын тэмцээн өчигдөр амжилттай өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын 415 дугаар хорих ангийн баг манлайлж, тэргүүн байр эзэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсаас оролцсон өөр нэг баг болох 409 дүгээр хорих ангийн шатарчид 8 дугаар байранд шалгарч, амжилттай оролцсон нь тэмцээний онцлох үйл явдлын нэг байлаа.
Энэхүү уралдаан нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, өөрийгөө дайчлан хөгжүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах төлөвтэй байна. Монголын хүмүүжигчдийн оюуны өндөр чадамжийг нотолсон энэ амжилт олон улсын хэмжээнд эерэг жишээ болж байна.
Эх сурвалж: Дэлхийн шатрын холбоо