Норвегийн Хаант Улсын Драммен хотноо болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийн тамирчин, ОУХМ Цэнд-Аюушийн Отгондалай амжилттай оролцож, мастер 1 ангиллын -93 кг жинд 205 кг шахан түрүүлж, дэлхийн аваргын гурав дахь алтан медалиа хүртлээ.
Ц.Отгондалай нь 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, 2015 онд спортын мастерын болзлыг хангасан байна. Тэрээр олон улсын тэмцээнүүдэд ч өндөр амжилт үзүүлж, 2017 онд Филиппиний Манила хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөн л -93 кг жинд түрүүлэн тивийн аварга болсон билээ.
Түүний дэлхийн аваргын анхны алтан медаль 2022 онд Казахстаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ирсэн бол хошой аваргын болзлоо өнгөрсөн онд АНУ-ын Техас мужийн Остин хотод түрүүлж биелүүлсэн юм. Харин энэ жил Норвегийн Драммен хотод дэлхийн гурван удаагийн аваргын эгнээнд багтан Монголын пауэрлифтингийн түүхэнд нэрээ мөнхлөлөө.