ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх өдрүүдэд байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” хийн хоолойн асуудлыг дахин хэлэлцэхээр тохиролцжээ. Уг төслийг олон жилийн турш ярилцаж байгаа ч одоог хүртэл эцэслэн тохиролцоогүй байсан бөгөөд энэ удаад хоёр тал тодорхой урагшлал гаргах магадлалтай байна.
Оросын талын хүсэл нь Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий Хятадад нийлүүлэх бөгөөд энэ нь өмнө нь Европт нийлүүлж байсан хийг орлуулах стратегийн ач холбогдолтой юм. Тус хоолой Монголын нутгаар дамжиж Хятад руу хүрэх төлөвлөгөөтэй байгаа. Гэвч Bloomberg агентлагийн мэдээлснээр, Бээжин одоогоор Монголыг дамжуулсан чиглэлээс илүүтэйгээр Оросоос шууд Хятад руу хүрэх хувилбарыг илүүд үзэж байгаа аж.
Хятадын тал өмнө нь Оросын дотоодын үнээр хийг худалдаж авахыг шаардсаар ирсэн бол энэ удаа “Сибирийн хүч-1” хоолойгоор нийлүүлж буй үнийн дундажтай ойролцоо үнээр авах саналыг хэлэлцэхэд бэлэн болсон тухай мэдээлэл байна. “Сибирийн хүч-1” хоолой нь 2019 онд ашиглалтад орж, өнгөрсөн оны эцэст бүрэн хүчин чадлаар буюу жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах хэмжээнд хүрээд байгаа юм.
Энэхүү хоёр дахь том төсөл амжилттай хэрэгжвэл Оросын хувьд Хятадын зах зээл рүү хий нийлүүлэх шинэ суваг нээгдэх бөгөөд Европын зах зээлээ алдаж буй нөхцөлд стратегийн хувьд чухал алхам болох юм.
Эх сурвалж: Bloomberg