Өнгөрөгч сарын 20-ны орой /2024.11.20/ 21.00 цагийн орчимд Ч:58 чиглэлийн 1-149 автобусаар зорчиж явсан иргэн автобусны суудлын зөөлөвчийг авч буусан хэрэг гарчээ. Уг хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Хэрэг үйлдэгдэх үед автобус зорчигчтой явсан төдийгүй, хэрэг үйлдсэн этгээдийн дүрс бичлэг ч камерт үлдсэн аж. Гэвч одоогоор тухайн иргэнийг хэн болохыг олж тогтоогоогүй, эрэн сурвалжилж байгааг эх сурвалж хэлжээ.
Нийтийн тээврийн бодлогын газраас уг иргэний бичлэг бүрэн эхээрээ байгаа тул таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд мэдээлж, суудлын зөөлөвчийг буцааж өгөхийг хүссэн байна.