Нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд ажлын хэсэг “Холбооны кабелийг агаараар татах, ашиглах харилцааг зохицуулах журам”-ийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэн, ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгийн хурлаар журмын төсөл болон кабелиудыг сувагчлалд шилжүүлэх асуудлаар ярилцаж санал солилцож Улаанбаатар хотын төв зам дагуух гэрэлтүүлгийн шонгоор татсан холбооны кабелийг эзэнжүүлэх, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавих, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар агаарын кабелийг сувагчлалд үе шаттай шилжүүлэх, иргэдийн эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг буулгах, бэлтгэл ажлыг хангуулах талаар хурлын гишүүдээс санал гаргав.
Гишүүд болон мэдээлэл технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн журамд тусгах юм байна. Мөн энэхүү журмын төсөлд иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд http://it.ulaanbaatar.mn/?p=915 цахим хуудсаар санал өгөх боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.



