Өнөөдрөөс сурагчдын I-р улирлын амралт дуусч хичээлдээ орж байгаа билээ. Тэгвэл дараагийн амралт буюу II улирлын амралтын үеэр сурагчдын урт хугацаатай амрах эсэх талаар Боловсролын яамны сайд мэдээлэл хийсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Хэрвээ томуу, томуу төст өвчний дэгдэлт их байвал тухайн үед нь карантин тогтооно. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе арванхоёрдугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан" гэлээ.
Сурагчдын амралтыг сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж БСШУСЯ-наас мэдээллээ.



