Хуульч зөвлөж байна
“Улаанбаатар хотод 800 мянга орчим нохойтой” гэсэн статистик өнгөрөгч онд гарчээ. Түүнчлэн сүүлийн үед нохой хүн рүү халдсан тохиолдол олширч буй ч дүн мэдээ ч байх аж.
Тохиолдол дээр ихэвчлэн тэжээвэр нохой бусдын эрүүл мэндэд хохирол учруулдаг байна. Үүний цаана “та өөрөө гэм буруутай үйлдлийг гардаж хийгээгүй боловч гэм буруутай этгээд болох эрсдэл” бийг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл таны тэжээвэр нохой бусдын биед халдаж гэмтэл учруулсан бол та одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээх магадлалтай байдаг.
Хуучин буюу 2002 оны эрүүгийн хуулинд “хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол” торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байсныг шинэ хуульд “ХҮНДЭВТЭР” болон түүнээс дээш зэргийн гэмтэл, хохирол заавал учирсан байхаар заажээ. Гэвч хөнгөн хохирол байлаа гээд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээхгүй ч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөж байгаа хэрэг биш юм.
Яагаад гэвэл энэхүү асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэдэг ба Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” гэж заасан. Хэрэв хохирогч өөрөө хүссэн тохиолдолд энэхүү зохицуулалтын дагуу өөрт учирсан хохирол /эмчилгээний зардал болон бусад/-г гэмтэл учруулсан амьтны эзнээс иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй юм.
Мэдээж хохирогч нас барсан тохиолдолд амьтны эзэн эрүүгийн хуулиар тогтоосон хариуцлага хүлээнэ.
2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.гийн эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой гадаа гудамжинд 4 настай Г-г хазаж, улмаар амь насыг нь хохироосон” гэмт хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байсан. Тэгвэл уг хэргийн хариуцагч нохойн эзэн нь хорих ялыг биечлэн эдлэхээр болсон аж.
Иймд амьтан тэжээж буй таны хувьд санамсаргүйгээр нэг л өдөр хэн нэгний амь нас эрүүл мэндийг хохироож, хариуцагч, яллагдагч болох эрсдэл байгаа гэдгийг ухамсарлаж орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтыг заавал хийлгэж байх шаардлагатай болж байна.
Би гэртээ ойр зуурын юм хийгээд байж байтал 13 цагийн орчим гадаа хүн орилох чимээ гарахаар нь гараад харсан чинь дөрвөн настай талийгаачийг нохой хазаад зуучихсан тавихгүй байгаа бололтой, О-г хүүхдийн цээжнээс бариад, нөгөө талаас нь нохой зуучихаад тавихгүй хэсэг газар чирсэн. Би сандраад модоор тэр нохойг цохиж, бас 1 залуу, 1 настай ах бид нар тэр нохойг нэлээд хэд цохиж байж салгасан. Талийгаач дээр очиход гүрээний судас орчимоос нь хазсан, цус гарсан, нуруу гэдэснийх нь хажуунаас хазаад сэмж нь гарчихсан, юм хэлж чадахгүй, ухаантай байсан” гэжээ.
/Хавтаст хэрэг-45-р тал/
Веритас партнерс хуулийн фирм Д.Алтангэрэл




