Нийслэлийн удирдлагууд аравдугаар сарын 28нд “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажилтай нийслэлийн удирдлагууд танилцсан юм.
Энэ өдөр “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулсан ажлаа хүлээлгэж өгөх арга хэмжээ болсон билээ.
Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хувьд жилдээ мөн 12 мянган эхийг амаржуулдаг, 1,100 гаруй ажиллагсадтай томоохон эмнэлэг. Тус эмнэлгийн 15,900 м2 талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2,260 м2 талбайг явган хүний зам болгон тохижуулжээ.
Мөн 2,500 м2 талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ. Түүнчлэн эмнэлгийн урд талбайд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолыг байгуулаад байна. Өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.






