Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байранд төрсөн аав нь хүчирхийлж гэмт хэргийн хохирогч болсон 15 настай охин ирж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ. Тэрээр тус байранд амьдарч байх хугацаандаа “Уйдаад байна” гэсэн тул өдөртөө багахан цагаар компьютер дээр сууж, цахим орчинд орох зөвшөөрөл өгсөн байна. Охин компьютер дээрээс босохдоо фэйсбүүк хуудсаа хаагаагүй байсан учраас Хамгаалах байрны багш охиныг танихгүй хэн нэгэнтэй чаталж, нөгөө хүн нь охиноос нүцгэн зургаа явуулахыг гуйсан байсныг илрүүлжээ. Энэ дагуу цагдаад мэдэгдэж, охинд ингэж болохгүйг сануулсан байна. Гэсэн хэдий ч охин нөгөө хүнтэй чаталж байсныг цагдаа нар илрүүлжээ.
Хамгаалах байрны багш охиноос яагаад тэр хүнтэй харьцахаа болихгүй байгааг асуухад “Энэ хүн л намайг ойлгодог” гэжээ. Сүүлийн үед өсвөр насны охид цахим гэмт хэргийн золиос болж буй олон тохиолдол бий. Тэгвэл уг хэрэг ингэж үйлдэгддэг байна. Хуурамч акаунтаас охидтой харьцаж, тэднийг ойлгож буй мэтээр чатлан итгэл төрүүлснийхээ дараа биеийнхээ аль нэг хэсгийн зургийг явуулаач, чамайг харах гэсэн юм гэсээр эцэстээ нүцгэн зургийг нь гартаа оруулдаг аж. Үүнийхээ дараа уулзаж, бэлгийн харьцаанд орохгүй бол нүцгэн зургийг чинь олон нийтэд тараана хэмээн айлган сүрдүүлж, охидыг эрхшээлдээ оруулдаг байна.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Хамгаалах байруудын сүлжээ хөтөлбөрийн зохицуулагч З.Ундрах “Цахим гэмт хэргийн хохирогч болсон охид дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Тэдэнд аав, ээж нь анхаарал тавьдаггүй. Гэр бүлийн байдал нь асуудалтай байдаг” гэв.
СЭМҮТ-ээс хийсэн судалгаагаар цахим гэмт хэргийн хохирогч болж буй нийт хүүхдийн 82,3 хувь нь хараа хяналтгүй болон хайр халамж дутсан, эсвэл хэт эрхлүүлдэг зэрэг гэр бүлийн буруу хүмүүжилтэй байжээ.
Сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашигладаг
Шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг хэмээн цахим гэмт хэргийг нэрлэх болж. Манай улс фэйсбүүкийн хэрэглээгээр Азидаа нэгт, дэлхийн орнуудад эхний 10-т яваа. Гуравхан сая хүн амтай манай улсад энэхүү тоо баримт хэтэрхий ахадсан гэмээр. Манай улсын дундаж үзүүлэлт сардаа 2.1 сая хүн тогтмол фэйсбүүк хэрэглэдэг. Гэвч эргээд цахим аюулгүй байдлыг хангах тал дээр эрсдэлтэй орнуудын тоонд багтдаг байна. Манай улсад өнгөрсөн онд цахим орчноос үүдэлтэй 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг огцом өссөн болохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Арсланхуяг мэдээллээ.
Мөн тэрээр “Манай улсад бүртгэгдсэн гэмт хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл бусдыг гүтгэх, залилан мэхлэх, садар самуун агууламжтай мэдээллийг олон нийтэд тараах, бага насны хүүхдийг садар самуун, хүчирхийлэлд уруу татах, бусдын хувийн мэдээллийг ашиглан ямар нэг үйлдэл хийлгэхээр заналхийлэх зэрэг орж байна. Тэр дундаа эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ зураг, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих, хаягийг нь “tag” хийх зэргээр санамсаргүйгээр гэмт хэргийн хохирогч болгож байгаа гэсэн үг. Тухайн иргэний сошиал дахь найзууд нь хүүхдийг нь онилох, хувийн мэдээллийг нь цуглуулах, хүүхэд рүү нь өөр нэр, зураг ашиглан шууд харилцаа тогтоох үйлдлүүд ихээр үйлдэгдсэн. Хүний хувийн нууцад илт халдсан байдаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн сошиал орон зайд гэр бүлийнхээ мэдээллийг оруулахгүй байх, бусдад өгөөш болж болох аливаа мэдээллийг оруулахгүй байхыг анхааруулъя” гэсэн юм.
Дэлхийн банк, боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамтарсан судалгаагаар нийт сурагчдын 94 хувь нь фэйсбүүк ашиглаж, эцэг, эхээсээ илүү технологийн болон сошиал хэрэглээний мэдлэгтэй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, сошиал платформуудын тохиргоог эзэмших, тэднийг зөв хэрэглээнд сургаж, ухуулан таниулах нь чухал болоод байгаа мэргэжлийн байгууллагууд хэлж байна.
Цахим гэмт хэргийн эзэн холбогдогчийг олох хэцүү, гэхдээ олддог
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өсвөр насны хүүхдүүдийг хаалттай групп элсүүлэн нүцгэн зураг, хувийн мэдээллийг нь авах, буцаагаад түүгээр нь сүрдүүлэн, дарамталсан хэд хэдэн хэргүүд шалгагдаж байгаа аж. Иймээс садар самуун, хүчирхийллийг сурталчилсан олон хаяг, пэйж, группүүдийг цэгцэлж хаах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага Фэйсбүүк компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болсон байна.
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас ямар төрлийн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, ямар хор уршиг учруулсан гэдгээс шалтгаалж хариуцлагыг харилцан адилгүй оногдуулдаг аж. Тухайлбал, цахим орчинд бусдыг гүтгэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгж байгууллагыг хорин сая, хувь хүнийг хоёр сая төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа. Харин бусдыг залилах, заналхийлэх, садар самуун үйлдэлд уруу татах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтаар эрүүгийн хариуцлага оногдуулдаг байна.
ЦЕГ-аас “Хар жагсаалт” нэртэй фэйсбүүк группийг иргэд, олон нийтийн дэмжлэгтэй бий болгож, садар самуун сурталчилсан хуудас, групп, статусыг устгах ажлыг зохион явуулж байгаа юм байна.
Сургуулийн орчинд ухаалаг утасны хэрэглээг хорьсон ч хэн хянаж байна вэ?
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгт охид хүчирхийллийн хохирогч болдог байна. Харин хөвгүүд цахим тоглоомд донтох, цахим гадуурхалтад өртөх аюултай байдгийг судлаачид хэллээ.
Засгийн газраас сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас хэрэглэхийг шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр бүх сургууль, цэцэрлэгийн үүдэнд нэг хавтас цаасны дүрээр л наалттай байгаа. Хүүхдэд чиглэсэн шийдвэр хүүхдэд ойлгомжтой байх ёстой баймаар. Гэтэл ямар ч сургууль, цэцэрлэгт энэхүү тогтоолын зүйл заалтыг энгийнээр тайлбарлаж, хүүхдүүдэд ойлгуулахыг оролдсон энгийн тайлбар алга. Хориглох тусам тэр зүйл рүү зүтгэдэг нь хүүхдийн зан. Ухаалаг утас сургуулийн орчинд байна. Бүх хүүхэд хэрэглэж байна. Тэр бүү хэл цахим орчинд орж, гэмт хэргийн хохирогч болсоор л байна. Ухаалаг утас хориглогдоогүй ээ, Ерөнхий сайд аа...
newspress.mn



