Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулах гэж байна. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн хамрагдаж, оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч буй газар хөдлөлтийн тоо, давтамж 2-3 дахин ихэссэн байна. Тухайлбал, 2017 оны байдлаар нийт 36,000 гаруй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Он гарснаас хойш хүнд мэдрэгдэхүйц хүчтэй газар хөдлөлт нийт 13 удаа болсон байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газрын Дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр:
-“Энэ жилийн сургуулилт өмнөх жилүүдээс онцлогтой зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд бид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 110 аюулгүйн цэг, талбай төлөвлөгөөнд тусгаж тодорхойлсон. Энэ удаагийн сургуулилтаар тус талбай, цэгүүдэд очиж цугларах юм.
Бодит байдал дээр газар хөдлөлт, гамшиг тохиолдоход тодорхой арга тактик олон улсын хэмжээнд зааж өгсөн байдаг. Үүнийг ирээдүйд хэрэгжүүлж, суралцахын тулд сургалт зохион байгуулж байгаа юм” гэв.
ГШУГ-ын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Л.Энхболд:
-“Монгол Улсын хэмжээнд нийт 395 зарлан мэдээллийн сирени дохио байдаг.
Улаанбаатар хотод 60 дуут дохиоллын цамхаг байна, үүнээс 18 нь электрон юм.
Энэ жилийн сургалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаадын бүхий л байгууллага, төлөөлөгчийн газрыг хамруулах чиг гаргасан.
Баянзүрх болон Налайх дүүргүүдийн зарим хороодод туршилтаар нүүлгэн шилжүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ жил цугларах төв, цэгүүдэд сургуулилт хийснээр ирэх жилүүдэд нүүлгэн шилжүүлэх цэгүүд рүү шилжүүлэх сургалтуудыг мөн зохион байгуулна” гэлээ.
Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад өгч буй зөвлөмж:
- Зарлан мэдээллийн дохио 16:00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд байдаг нийт 60 дуут дохио, зарлан мэдээллийн хэрэгслээр дамжуулж зарлана
- Зарлан мэдээллийн дохио хүлээж авсны дараа тухайн албан байгууллага, сургуульд буй хүмүүс газар хөдлөлтийн чичирхийлэл болсныг мэдэрсэн байдалтайгаар аюулгүй байдлыг хангах алхмуудыг хийж эхэлнэ
- Газар хөдлөлт, чичирхийллийн үед бат бөх ширээн дор орж өөрийн аюулгүй байдлыг хангах нь чухал
- Дуут дохиог 20-30 секундийн хугацаанд дуугаргана, дуугарч дууссаны дараа орон сууц, барилга байгууламжаас гарч аюулгүйн цэг, талбайд очих ёстой
- Аливаа байгууллагын албан хаагчид барилга, байгууламжаас гарсны дараа байгууллагын дарга, удирдагчийн зааврын дагуу тухайн дүүрэгт буй цугларах талбай руу очно
- Сургалтад хамрагдахын өмнө тухайн байгууллага, албан газар дүүргийн аль цугларах цэгт очиж сургуулилт хийх тухайгаа өмнө нь мэдсэн байх шаардлагатай, энэ жилд ард иргэд өөрсдийн цугларах талбайг олж мэдэх нь чухал юм
- Нийт ард иргэд,байгууллагын албан хаагч, оюутан сурагчид идэвхтэй оролцохыг уриалж байна.
Нийслэлийн иргэдийн цугларах 110 байршил:












