Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан бөгөөд ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм.
Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байсан юм.
Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд нь үдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөө ар гэрийнхэнд нь мэдэгдлээ.
Мөн цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд хуулийн дагуу тэтгэмж олгохоор болсон байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг ажээ.
Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар талийгаачийн гэр бүлд 120 сарын үндсэн цалин болох 76,757,640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гаргасан байна.
Д.Батсайхан нь эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг саатуулах гэж байгаад тэдний жолоодож явсан машинд дайруулан хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч маргааш нь нас барсан юм. Гэр бүл, хамтран зүтгэгчид нь өнөөдөр талийгаачтай салах ёс гүйцэтгэн, нутаглуулсан билээ.



