"No War" хөдөлгөөний гишүүн, Ц.Уянгад Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газраас иргэний гомдлоор хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тодруулбал иргэн Ц.Уянгад Эрүүгийн хуулийн 19-р бүлэг, Үндэсний Аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн 19-р бүлэг нь Эх орноосоо урвах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, төрийн албан тушаалтны амь биед халдах, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, Зэвсэгт үймээн дэгдээх, Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, хорлон сүйтгэх, Экстремист үйл ажиллагаа явуулах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, Төрийн нууцыг хууль бусаар олж авах, тагнуул хийх, Төрийн нууцыг задруулах, Төрийн нууцыг үрэгдүүлэх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх зэрэг зүйл, заалттай юм.
Иргэн Ц.Уянга нь "Элийрэгч" нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан, эх орондоо ирээд удаагүй байгаа юм. Тэрээр цахим орчинд дайныг эсэргүүцэж байгаагаа тогтмол илэрхийлж байгаа нэгэн билээ.