x

Монгол Улс монгол туургатан улсуудын өмөг түшиг нь байх ёстой

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улс, Монголын төр засаг болоод ард иргэд нийтээрээ нэгэн эмзэглүүштэй, бас ичгүүртэй үйл явдлын гэрч болов. Монгол туургатан үндэстнүүдийн нэг болох Халимагийн БНУ-ын иргэн Бормагнайн Баатар ОХУ-ын Украинд хийж буй дайныг эсэргүүцэн өөрийн улсаас дүрвэж, үндэс угсаа нэгт монголчуудаа зорин Монгол Улсад ирсэн ч хилээр нэвтэрч чадалгүй нисэх буудлын транзит бүсэд зургаа хоног хоригдсоны эцэст гуравдагч улс руу илгээгдлээ. АНУ-д очсон хойноо өөрт нь тусалсан Дэлхийн монголчуудын холбоо, АН-ын зарим гишүүн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарт баярлаж, талархсанаа илэрхийлж лайв хийсний дараа ямартай ч “Орос руу нь буцаагаад явуулчихсан байх вий” гэж сэтгэл зовж байсан олон хүний айдас, зовинол арилав. Гэвч... Гэвч тэр явахдаа илүү том асуултыг бидэнд үлдээгээд явлаа.

Улс үндэстний өмнө тулгамддаг янз бүрийн л асуудал бий. Асуудал бүр өөр өөрийн онцлогтой, шийдвэрлэх олон арга замтай. Дэгдсэн дор нь дарж авах ёстой зарим асуудал байхад заримыг нь хэсэгхэн амсхийгээд бодох, арай өөр өнцгөөс, алсханаас харсны дараа шийдвэрлэх арга зам нь торойгоод тодроод ирдэг ч асуудал бий. Тэр тусмаа тухайн цагт “гал унтраагаад” өнгөрсөн ч хожим заавал эргэж харах, шийдэл хайх ёстой зарим асуудал байдаг. Түүний нэг нь өчигдөр бидэнд тохиолдсон Бормагнайн Баатар гэж халимаг эрийн хувь заяа байлаа.

Бормагнай гэдэг нь ямар учиртай нэр вэ? гэж манайхны зарим нь асуусан байсан. Жангар туульд гардаг нэгэн баатрын нэр юмаа гэж түүнд хэлмэрчээр ажилласан монгол эмэгтэй хэлсэн. Тэгэхээр хилийн чанадад, бусдын нутагт, бусдын эрхэнд амьдарч байгаа монгол угсаатнууд маань зарим талаар маниасаа илүү монгол болчихоод байгаа юм даа.

Халимаг гэж хэн болох тухайд нэвтэрхий тольд “Ойрад угсаатны бүлэгт багтдаг, ОХУ-ын харьяанд багтдаг монгол үндэстэн. XVII зууны эхэнд Торгуудын Хо өрлөг Эрчис мөрнийг уруудан баруун зүгт хасаг, татар зэрэг олон улстай байлдан нүүсээр Ногайн улсыг мөхөөгөөд газар орныг нь эзлэн суусан. 1771 онд Зүүн гар руу буцсан 4 нүүдлийн дараа Ижилийн хөвөөнд үлдсэн монголчууд Халимаг болжээ. Халимаг хэлний кирилл бичгийн дүрэм ЗХУ-ын үед зохиогдож, 1942 оноос кирил үсэгт шилжсэн” гэсэн байна. Манайхтай бараг нэг зэрэг бичиг үсгээ сольсон болж таарав.

Б.Баатар нь Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийг төгссөн, Монголын түүхийг ихээр судалсан хүн. Ойрд, халимагийн түүхийг заадаг байсан. Оросын сөрөгч хүчний “Яблоко” намын Халимагийн бүсийн тэргүүн, улс төрийн идэвхтэн. ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа цөөнх үндэстний соёлыг хамгаалах, ХХ зуунд болсон хэлмэгдүүлэлт, геноцитийг цагаатгах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Үүнийхээ улмаас гуч гаруй удаа захиргааны болон эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхдэж байсан.

Түүний Монгол Улсыг орхихын өмнө хэлсэн үг монголчуудад маш том сануулга болж үлдсэн байх гэж найдаж байна. Тэр “Орос, Украины дайн эхэлсний дараа монголчууд маш олон хүнийг хүлээж авсан учраас надад ч гэсэн боломж олдох байх гэж итгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч нэг ч атугай монгол хүндээ улс төрийн орогнол олгох байх гэж найдсан. Бид монгол үндэстэн гэдэг нэг бүхлийн тасархай хэсгүүд. Хэн нэг нь тэр тасархай хэсгийн зүрх сэтгэлийг нэгтгэх ёстой. Түүний манлайлагч нь Монгол Улс байгаасай. Улс орнуудын албан ёсны хэл энэ нэгдэлд саад болох ёсгүй. Миний эцсийн найдвар Монгол Улс” гэж хэлсэн явдал.  

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Баатарыг иргэншилдээ авах, улс төрийн орогнол үзүүлэхээс татгалзав. Тэр нь ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ буюу Оросын Засгийн газартай холбоотой болж таарав. Өөрөөр хэлбэл, өмнөх 30 жилд бид өөрсдийгөө “Зөвлөлтийн колониос салсан, тусгаар тогтнолоо олсон, эрх чөлөөт ардчилсан улс” гэж тунхагласан маань хий хоосон зүйл болж таарав. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Б.Баатарын улс төрийн орогнол хүссэн захидалд албан ёсоор хариу өгөөгүй боловч “Бид дүрвэгч хүлээн авах үүрэггүй, конвенцид нэгдээгүй” гэж хэлсэн Гадаад харилцааны сайдын үг манай Төрийн тэргүүний албан ёсны байр суурь болж дэлхий нийтэд цацагдлаа. Тэр дундаа монгол туургатан үндэстнүүд, дэлхийгээр тархсан монголчуудын хувьд. Үүнийг бид яаж залруулах вэ? Тийм хүсэл зориг, эрмэлзэл бидэнд бий болов уу?

Энэ удаа ганц Б.Баатарыг буцаалаа. Дараа, дайны үйл явц яаж өрнөхөөс шалтгаалаад илүү олон монголчууд эх нутгаа тэмцээд, элэг нэгтнээ зориод ирнэ. Тэр үед бид хэрхэх вэ? Яг өчигдрийнх шигээ хариу хэлээд буцаах уу?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 50 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 51 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 9 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 47 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top