Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулжээ. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилтын ажил аж.
Анх 2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулсан ба тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчдог байна.
Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн тогтмол аялж байна.
Гурав дахь тохижилтын ажлыг Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын 8.5 км замд хийсэн байна. Явган аяллын замыг шинэчлэн тохижуулж замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулжээ.









