Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд дэлгэгдсэнээс хойш хагас сар өнгөрсөн ч сэдэв хуучрах яагаа ч үгүй байна. Анх удаа дэлгэгдэж буй шүүгчдийн байр, машин, хадгаламжийг тойроод толгойтой болгон шуугихаас гадна хэвлэлийнхэн ч байж болох бүхий л өнцгөөс хардаж, ухаж төнхсөөр өдий хүрэв.
Анзаарагдаж байгаа зүйл гэвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүгч, шүүхийг олон нийтийн хурц хараа бүчиж, хэвлэл ч хардах эрхээ эдлэх шиг эдэлж байгаа нь эрүүл, зөв үзэгдэл. Нийгмийн сүлжээн дэхь шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн сэтгэгдэл дор дугаар хорооны иргэн “Манай хөрш шүүгч. Маньтайгаа адилхан гамбираа хайраад хиншүүтэй амьдардаг. Энэ хүн хэзээ ч хэдэн зуун саяын хадгаламж, олон байртай болох үндэслэлгүй” гэж байгаа нь хамгийн том хяналт юм.
Нөгөө талаар, өөрсдийнх нь хөрөнгө орлогыг тойроод нийгэм даяар талцал өрнөж байхад шүүгчид хэрхэн хүлээж авч байна вэ гэдэг анхаарал татсан асуудал. Мэдээж, “Тамирын голын мөсийг долоох шахам байж” гэдэг шиг насаараа хурааж хумьсан хэдийг нь гэнэтхэн нэг өглөө түмэнд дэлгэхэд дуртай шүүгч байхгүй. Энэ бол хүний л араншин. Тиймдээ ч шүүгчдийн хувьд “шок” болохоор зүйл байсан нь мэдээж. Бидний өр, зээлийг ил болголоо хэмээн сандралдаж өргөх бичиг, мэдэгдэл гаргахдаа ч тулсан сураг чих дэлссэн.
Гэвч УДШ-ээс Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-д явуулсан бичиг, Шүүгчдийн хорооны гараагүй мэдэгдлийг эс тооцвол “шалгалтанд” унасангүй. Бас ч гэрэл гэгээ байна гэж харууштай. Шүүгчдийн хөрөнгө, хогшлыг дэлгэх нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлнө гээд орилолдвол балрах нь тэр.
Харин Х.Нямбаатар гишүүний ярилцлагаас үүдэн УДШ-ээс ШЕЗ-д явуулсан албан бичигт “...илэрхий хууль зөрчиж байна” гэж дүгнэсэн нь шүүгч аливаа асуудалд төв голч байж, урьдчилж санал бодлоо илэрхийлэх ёсгүй гэсэн зарчмыг зөрчиж, хэрэв энэ асуудлаар шүүхэд маргаан өрнөвөл УДШ-ээс гарах шийдвэр аль хэдийнэ тов тодорхой болжээ гэсэн үг. Энэ бол шүүхийг /тодорхой хэлбэл УДШ-ийг/ муухай харагдуулсан том факт.
Мөн Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны эзэндээ очоогүй мэдэгдэлд “...Монгол Улсын нийт шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим сүлжээнд байршуулж, хууль зөрчин, шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдалд бусдаас нөлөөлөх, шүүгчийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх, доромжлох нөхцлийг бүрдүүлсэн үйлдлийг хийж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ эсрэг үйл ажиллагаа явууллаа” хэмээн буруутгажээ. Мөн ШЕЗ-ийг байр сууриа илэрхийлэхгүй, шүүх эрх мэдэл, шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ бол дараагийн муу факт.
Энэ хоёрыг эс тооцвол Монголын шүүгчид бас ч гэж овоо л байна.
Б.СЭМҮҮН




Сэтгэгдэл (1)